Өсвөрийн байгаль хамгаалагч хөтөлбөр

Өсвөр үеийнхэнд төрсөн нутаг орныхоо талаар илүү ихийг таньж мэдэх, суралцах, байгаль орчны олон талт мэдлэгийг олгох, бахархах, хайрлах, хамгаалах ухамсарыг дээшлүүлэх зорилгоор 2013 оноос “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөвсгөл нуурын эрэгт байрлах Хатгал тосгоны сургуулийн 5-6 дугаар ангийн 18 сурагчтайгаар анх эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Хатгал тосгон, Ханх сумын ЕБС-ийн 4-8 дугаар ангийн сурагчид 2014 оноос хамрагдаж, нийт 150 гаруй хүүхдийг зуны зусланд хамрууллаа. Өсвөрийн байгаль хамгаалагчид өөрсдийн сүлд дуутай, өргөсөн тангарагтай үнэнч байхын зэрэгцээ бусдыгаа манлайлан, үргэлж суралцахын төлөө тэмүүлдэг. Өсвөр байгаль хамгаалагчид 9-р ангиасаа сургагч багшаар бэлтгэгдэж дүү нартаа сайн үлгэр дуурайл үзүүлдэг юм.

Хөтөлбөрийн үйл ажиллагаа

Хөтөлбөрийн үйл ажиллагаа нь өсвөрийн байгаль хамгаалагчийн анги танхимын тохижилт, хичээлээс гадуурх сургалтууд, зуны сургалт, бичил төслийн хэрэгжилт гэсэн үндсэн хэсгүүдэд хуваагддаг. 2016-2018 онуудад хэрэгжүүлсэн Австралийн бичил төслийн санжүүжилтээр Хатгал тосгон, Ханх сумын сургуулийн нэг ангийг өсвөрийн байгаль хамгаалагчийн танхим болгон шинээр засч тохижуулснаар хүүхдүүд орчин үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй, тав тухтай орчинд сурч боловсрох таатай боломжийг бүрдүүлсэн. Тухайн ангидаа долоо хоногийн нэг өдөр тодорхой хуваарийн дагуу хичээлээс гадуурх төрөл бүрийн сургалтуудыг зохион явуулснаар хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хөгжих боломжийг олгосон. 2015 оноос тасралтгүй явагдаж ирсэн 10 хоногийн хугацаатай зуны зуслангийн сургалтаар танхимд үзсэн мэдлэгээ бататгах, уран зураг, эсгий урлал, хулдаасан бар зэрэг амьдрах ухааны хичээлд суралцах, хээрийн лаборатори ашиглаж төрөл бүрийн уснаас дээж авч, дүн шинжилгээ хийх, Англи хэлний мэдлэгээ дээшлүүлдэг. Зуны зуслангийн сургалтанд хамрагдсаныхаа дараагаар хичээлийн жил эхлэнгүүт өөрсдийн санаачлан боловсруулсан байгаль хамгааллын бичил төслөө сум орон нутаг, сургууль, анги хамт олны хүрээнд хэрэгжүүлдэг.

Байгаль орчны бичил төсөл

Өсвөрийн байгаль хамгаалагчид жил бүрийн зуны зусланд хамрагдсаны дараагаар өөрсдийн санаачилсан байгаль орчны бичил төслийг хичээлийн жилийн хугацаанд хэрэгжүүлдэг. “Эко сурагч”, “Хоггүй цэвэр орчин”, “Эко даавуун тор”, “Айл бүрт ангилан ялгалт”, “Цэвэр орчин”, “Эко хүнс” зэрэг бичил төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм.

Зуны зуслангийн сургагч багш

Өсвөрийн байгаль хамгаалагч хөтөлбөр нь байгаль, түүх, соёлын үнэ цэнэ, ач холбогдлыг залуу үеийнхэнд ойлгуулах, байгальтай холбох, ирээдүйн хариуцлагатай удирдагч манайлагчдыг бэлтгэхэд чиглэгдсэн. Жил бүрийн зуны зусланг үндэсний болон олон улсын сургагч багш нар, сайн дурын ажилтнуудын хамтаар зохион явуулдаг. Тэд өөрсдийн олж авсан мэдлэгээ хуваалцахын зэрэгцээ хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, удирдан чиглүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулдаг билээ.