Цэнгэг усгүй ирээдүйд бэлэн үү?

2014 онд АНУ-ын их сургуулиуд болон Монгол улсын их сургуулийн эрдэмтэд хамтарч “Том, алслагдсан, уулархаг нутгийн нуурууд дахь бичил хуванцрын бохирдол” судалгааг хийжээ. Уг судалгаанд Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 70%, дэлхийн цэнгэг усны нөөцийн 1%-ийг агуулдаг “Хөвсгөл нуур” багтсан байна. Судалгаагаар бичил пластик болон Хөвсгөл нуурын эргийн дагуух хог хаягдлын тоон үзүүлэлтийг гаргажээ. Энэ судалгааны үр дүнд гарсан чухал баримтуудыг түүвэрлэн хүргэе.

ХӨВСГӨЛ НУУРЫН МИКРОПЛАСТИК НЯГТШИЛ ХАМГИЙН ӨНДӨР

Хөвсгөл нуурын судалгаа хийгдсэн хэсгийн микропластикийн нягтшил км2 тутамд 997-44,435 хооронд хэлбэлзэж байсан ба энэ нь дунджаар нэг км2-д 20,264 ширхэг микропластик байна гэсэн үг юм. Судалгаанд хамрагдсан бусад нууруудтай харьцуулбал хамаагүй их тоо юм. Хуванцрын хэлтэрхий, гялгар уутны сэмэрхий, мяндсан утас зэрэг гэр ахуйн хүрээнд өргөн хэрэглэгддэг микропластикууд хамгийн ихээр олдсон байна.

“5мм-ээс жижиг хэмжээтэй пластикийг микропластик гэдэг. Микропластик нь хоёр төрөлтэй. Нэг нь “primary” буюу “анхдагч” микропластик. Нөгөөх нь “secondary” буюу “хоёрдогч”. Энэ нь энгийн хэмжээтэй пластикаас эмтэрч бутарсаар 5мм-ээс жижиг хэмжээтэй болсон тохиолдлыг хэлнэ. Энэ төрлийн пластик хамгийн аюултай ба бараг хэзээ ч үгүй болохгүй, жижгэрсээр шувуу, загасны “хоол” болж, бид бүгдийн ундаалах усанд орж экосистемд ихээхэн хохирол учруулдаг.”

Figure 1 Хөвсгөл нуураас олдсон микропластик хог хаягдлууд

Микропластик нягтрал нь нуурын хамгийн их хүн амтай, хэсэг болох баруун өмнөд эргээс холдох тусам буурч байсан хэдий ч салхиар дамжин тархсаар байдаг аж. Хог хаягдлын менежмент муутай, цөөн хүн амтай газар цэвэр усны системийг өргөн хэрэглээний хуванцраар бохирдуулж болдгийн тод жишээ юм.

Микропластикийн нягтрал нь давлагааны хүч, хуурай газраас хэр зайтай эсэх, өргөрөг, уртрагаас хамаардаг аж. Жишээ нь микропластик нягтрал нь давлагааны хүч ихтэй хэсэг болон уртрагийн дагуу нэмэгддэг бол өргөрөг ба эргээс хол зайтай хэсгүүдэд буурдаг байна. Ерөнхийдөө Хөсвгөл нуурын микропластик нягтрал зүүн эрэг дагуу баруунаасаа их байсан бөгөөд урдаас хойд градиентын дагуу буурчээ.

Хатгал тосгон, Ханх сумын оршин суугчдын тоо ойролцоо боловч Хатгал тосгонд жуулчид хамгийн ихээр ирдэг нь нуурын бохирдлын хамгийн том эх үүсвэр болж байна. Мөн энэ судалгаанд Хөвсгөл нуурын микропластик нягтрал өндөр байгаа нь хүний оршин суусан хугацаа болон нуурын гадаргын хэмжээ багатай нь холбогдож болно гэсэн санааг дэвшүүлжээ.

НУУРЫН ЭРЭГ ДАГУУХ МАКРОПЛАСТИК ХОГ ХАЯГДАЛ

Нуурын эрэг дагуух хог хаягдлаас нийт 409 ширхэг буюу 10.3 кг хог хаягдлыг цуглуулж, судалжээ. Үүгээр Хөвсгөл нуурын эргийн макропластик буюу 5 мм-ээс том хэмжээтэй хог хаягдлыг илрүүлэхийг зорьжээ. “Хуванцар”, “загасчлалын хэрэгсэл”, “хөөсөнцөр”-ийн хог хаягдал хамгийн элбэг байсан бөгөөд эргийн дагуух хог хаягдлын 77%-ийг эзэлж байв. Жингийн хувьд хуванцар сав (37%), загас агнуурын хэрэгсэл (25%), гялгар уут (16%), хуванцрын хэлтэрхийнүүд (18%) давамгайлжээ. Эдгээр нь мөн л бүгд гэр ахуйн хуванцар хаягдлууд аж.

Цаашид үүсэх болон одоо байгаа макропластикууд нууранд орж ирснээр Хөвсгөл нуурын бохирдол улам нэмэгдэнэ. Хуванцрын бохирдол нь Хөвсгөл нуурын ан амьтад нөлөөлөх бөгөөд усны шувууд, загас зэрэг амьтад макропластик залгиснаас болж эсвэл орооцолдож үхэх аюултай.

“Харин хүний биед хуванцар их хэмжээгээр ороход исэлдэл ихсэж, биед үүсэх стресс нэмэгдэж мөн үрэвсэх шинж тэмдгүүд илрэх боломжтой гэж нэгэн судалгаагаар гарсан байна.”

БИДЭНД ШИЙДЭЛ БАЙНА УУ

Товчхондоо хог хаягдлын менежментгүй байгаа учир Хөвсгөл нуурын бичил хуванцрын бохирдол өндөр байна. Монгол Улс хог хаягдлын менежментийг зохицуулах, хог хаягдлын үйлдвэрлэлийг бууруулах чиглэлээр хууль, тогтоомж гаргадаг хэдий ч хэрэгжилтийг хангах дэд бүтэц бараг байдаггүй. УИХ-аас 2009 онд 0.025 мм-ээс нимгэн гялгар уут импортлох, ашиглахыг хуулиар хориглосон боловч энэ хууль тогтоомж бодитоор хэрэгждэггүй.

Монгол шиг хөгжиж буй орнуудад хог хаягдлын менежментийн дэд бүтцийг хөгжүүлэх нь бэрхшээлтэй боловч энэ нь зөвхөн хүн ба экосистемийн эрүүл мэндэд нөлөөтэй төдийгүй аялал жуулчлалын эдийн засагт чухал ач холбогдолтой юм. Учир нь Хөвсгөл бол гадна, дотнын жуулчдын хамгийн ихээр очдог газар. Жуулчдын сэтгэл ханамжийн судалгаанаас харахад хог хаягдал, ариун цэврийн тал дээр хамгийн муу үнэлгээтэй байдаг.

Иймд засгийн газар аялал жуулчлалын орлогыг нэмэгдүүлэх зорилтдоо хүрэхийн тулд хог хаягдлын зохистой менежментийг нэвтрүүлбэл экологи, эдийн засгийн чухал асуудлаа шийдэж болно.

Сайн дур, нийгмийн хариуцлага нэрийдлээр чихэр, хувцас тараах нь хүүхдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгодог

Монгол Экологи төв Австралийн бичил төслийн сангийн санхүүжилтээр сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн үндэсний хэмжээнд цорын ганц Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд сурагч хөгжлийн танхим засаж тохижуулан, хүлээлгэн өгчээ. Мөн уг төслийн хүрээнд дохионы хэлтэй хичээлээс гадуурх мэдлэг олгох видео контент хийн тусгай хэрэгцээт хүүхэд залууст хүргэж буй аж.

Тус танхимын түлхүүр гардуулах ёслолын үеэр 29 дүгээр сургуулийн Нийгмийн ажилтан Э.Батзолбоотой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

ДОХИОНЫ ХЭЛЭЭР ДУУЛЖ, ХЭМНЭЛЭЭР БҮЖИГЛЭХ НЬ ГАЙХАМ САЙХАН ХАРАГДДАГ

Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллахын сайхан тал юу вэ?

Үнэнийг хэлэхэд анх энэ сургуульд ажиллахаар орохдоо айж байсан. Учир нь эдгээр хүүхдүүдийн онцлогийг мэдэхгүй, дээр нь дохионы хэл маань хангалттай сайн байгаагүй. Анх дотуур байрны багшаар ажиллаж байсан тул хүүхдүүдтэйгээ хамт байрлаж, хурдан дотносож, ойлголцоход дөхөм болсон. Ажлаа хийхэд цаанаасаа сэтгэл ундарч байгаа нь мэдрэгддэг. Хүүхдүүд маань санаа бодлоо бүрэн дүүрэн илэрхийлэх нь цөөн ч маш ухаалаг, оюунлаг хүүхдүүд байдаг. Хүмүүс манай хүүхдүүдэд сайн дурын эсвэл нийгмийн хариуцлагын үүднээс тусалдаг. Харин бид үүнийг байнгын ажлаа болгож, сурагчдынхаа амьдралын гарааг бүтээлцэж, боловсрол олгодог нь бидний бахархал болдог хамгийн сайхан зүйл юм.

Анх таны дохионы хэл сайн байгаагүй гэлээ. Заавал дохионы хэлтэй багш ажилд авна гэж шаарддаггүй хэрэг үү?

Дохионы хэлтэй хүн олддоггүй учраас заавал дохидог байх шаардлага тавьдаггүй. Ажилчдыг ажилд ороход нь дохионы хэлний сургалтад хамруулдаг юм. Гэвч сургалтаас илүүтэй практик байдлаар өдөр тутам ашиглаж, харилцаж байж илүү хурдан сурч, хоорондоо ойлголцдог. Дохионы хэлний онцлог нь зөвхөн онолоор хязгаарлагдахгүй. Сэтгэл хөдлөлөө нүүрний хувирал, гарны дохилтоор харааны төвшинд илэрхийлж байж өгүүлбэр зүйн утга гарч ирдэг юм.

Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн онцлог юу вэ? Нийгэмд хөгжлийн бэрхшээлийг оюуны бэрхшээл гэж ташаа ойлгох хандлага байдаг.

Ер нь хөгжлийн бэрхшээл гэдгийг энгийнээр тайлбарлавал тухайн хүн нийгэмд оролцох, харилцах, амьдрахад тулгарч буй бэрхшээлийг хэлнэ. Манай хүүхдүүдэд хөгжихөд нь саад болдог зүйл байхгүй. Харин нийгэм ойлгохгүй байх нь л асуудал болдог.

Хэл ярианы бэрхшээл бол асуудал биш. Харин ч манай сурагчид оюун санаа, авьяас билгээрээ бусадтай л адил, зарим тохиолдолд бүр илүү байдаг. Жишээ нь тэд хүний сэтгэл хөдлөл, далд бодол, биеийн хэлэмж гэх мэт нарийн зүйлсийг анзаарч, ойлгохдоо сайн. Өөрсдийн онцлогоосоо шалтгаалан шатрын болон бусад спортод авьяастай. Аливаа зүйлд анхаарлаа бүрэн төвлөрүүлдэг тул ажлын бүтээмж өндөр байдаг.

Цар тахалтай холбоотойгоор цахим шилжилт хийхэд хичээлээ хэрхэн бэлтгэж байсан бэ? Цахим хичээлийн жишгийг дагасан уу?

Цахим хичээл зарим хүүхдийн хувьд илүү ахисан төвшний байсан учир бид өөрсдийн хичээлийн хөтөлбөрийн дагуу хичээлээ бэлтгэн хүргэж байсан. Бид зөвхөн ерөнхий боловсролын үндсэн сургалтын хөтөлбөрөөс гадна мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр дугуйлан, сургалтуудыг  хөтөлбөртөө багтаадаг.  Бид урлагийн үзлэг гэх мэт олон төрлийн арга хэмжээг зохион явуулдаг. Тэр бүрд сурагчид маш идэвхтэй хамрагддаг. Дохионы хэлээр дуулж, хэмнэлээр бүжиглэх нь гайхам сайхан харагддаг.

Нэг анги хэдэн сурагчтай вэ?

Хүүхдүүдийг сонсголын төвшингөөр нь анги болгон хуваадаг. Нэг анги найман хүүхдийн дүүргэлттэй байх стандарттай байдаг ч багш нарын хүрэлцээ бага учир 12 хүүхдийн дүүргэлттэй анги цөөнгүй бий.

КОВИДООС БОЛЖ ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТ, ЗАН ТӨРХИЙН ӨӨРЧЛӨЛТ БИЙ БОЛЖ БАЙНА

Ковидын үед хүүхдийн сэтгэл зүйн асуудлууд ихсэх болсон. Нэн ялангуяа өсвөр насны сурагчид нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж байгаа энэ үед сурагчдадаа хэрхэн анхаарч байгаа вэ?

Нийтлэг ажиглагдаж байгаа асуудал бол цахим шилжилтээс улбаалан гар утасны хэрэглээ хэт өндөр болж, түүнтэй холбогдон дэлгэцийн донтолт, зан төрхийн өөрчлөлт бий болж байна. Ингэснээр хүүхдүүд уур уцаартай, түрэмгий ааштай болж байгаа тухай эцэг эхчүүдийн санал ирсэн. Энэ тохиолдолд аль болох өөр зүйлээр анхаарлыг нь татах, дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх зөвлөмжийг эцэг, эхчүүдэд өгч байна. Хүүхдүүд заавал дүрсээ харж ойлголцох шаардлагатай байдаг тул ухаалаг утасны хэрэглээг шууд хязгаарлах боломжгүй. Энэ нь нөгөө талаас хүний эрх зөрчиж буй хэрэг болно.

Хоёрдугаарт хүүхдүүд сургуулийн орчинд байх хамгийн их дуртай. Учир нь энд хүн бүртэй ойлголцож, өөрийгөө илэрхийлж чаддаг. Харин гэртээ харихаар хөрш айлын хүн нь ойлгохгүй байхаас эхлээд ээж аавтайгаа “хар” дохионы хэлээр харилцдаг тул өөрийгөө бүрэн илэрхийлж, ойлгуулж чаддаггүй. Улмаар сургуулиас гадна орчинд тусламж авч чаддаггүй. Иймд зарим эрсдэлт бүлгийн хүүхдүүд маань архидалт, хүчирхийлэл гэх мэт хэргүүдэд өртөх вий гэхээс болгоомжилж, шаардлагатай тохиолдолд ахуйн үнэлгээ хийхээр гэрт нь очиж байна. Үүний тулд хороо, дүүргийнхээ цагдаа, нийгмийн ажилтантай тогтмол хамтран ажилладаг.

29 дүгээр сургууль бол улсын хэмжээнд ганц байдаг тусгай боловсролын сургууль. Тэгвэл эдгээр хүүхдүүд цаашид их, дээд сургуульд элсэн суралцах боломж хэр байдаг вэ?

МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын багшийн анги нээгдсэн. Мөн биеийн тамирын сургуульд элсэн суралцдаг. Мөн эдгээр хүүхдүүдийн онцлогт тохирсон мэргэжилд IT, программ, зураг дүрслэлийн чиглэлийн мэргэжлүүд багтдаг. Энэ талыг цаашид хөгжүүлэн, дэмжиж ажиллах бодолтой байна.

Зарим эцэг эхчүүд амьдрах орчин, боломжоосоо шалтгаалан хүүхдээ сонсголын бэрхшээлтэй гэдгийг мэдэлгүйгээр хар дохионы хэл ашигласаар олон жилийг ардаа орхисон байдаг?

Сонсголын бэрхшээлийг аль болох эрт илрүүлж, хүүхдийг сурах, боловсрох боломжоор хангах нь эцэг эхчүүдийн үүрэг юм. Эрт илрүүлэх тусам хоцрогдолгүй, мөр зэрэгцэн сурах, хөгжих бололцоо бүрддэг.

Улсын хэмжээнд 780 орчим сонсголын бэрхшээлтэй хүүхэд байна гэсэн албан бус тоог нэгэн судалгааны байгууллага гаргасан байсан. Бид аль болох хүүхэд бүхнийг хамруулж боловсрол олгохыг хүсдэг. Харамсалтай нь хүмүүс манай сургуулийн талаарх ойлголт, мэдээлэл дутмаг байдаг юм болов уу гэж боддог. Тиймээс сургуулийн талаарх мэдээллийн сүлжээг өргөжүүлэх тал дээр хойшид анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

Бид одоогийн 2020-2021 оны хичээлийн жилд 289 сурагчтай байлаа. Сурагчдыг элсэлтээр авахдаа сургуулийн сонсголын эмчийн оношийг үндэслэн 5-6 төрөлд ангилан элсүүлдэг. Ангилал бүрд тусгайлсан сургалтыг хөтөлбөр шаардагддаг. Нийт 141 ажилчидтай, үүнээс 70 гаруй нь багш. Хэдийгээр цөөхөн сурагчтай боловч багш нарын ачаалал их байдаг. Туслах багш нар манай сургуулийн төгсөгч нар голдуу байдаг. Дотуур байрандаа энэ хичээлийн жилд 120 хүүхэд авсан.

СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ХЭДИЙ Ч НИЙГЭМД ОРООД “ХҮН” ГЭДЭГ УТГААР ОРШИХ ТУЛ ЯНЗ БҮРИЙН ОРЧИНД ДАСАН ЗОХИЦОХ, ӨӨРИЙГӨӨ ТУСГААРЛАХГҮЙ БАЙХАД АНХААРАЛ ХАНДУУЛСАН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд ирж байгаа тусламж нь ямархуу байдлаар байвал илүү хэрэгцээтэй, нүдээ олсон тусламж болж чаддаг вэ?

Энэ их чухал асуудал юм. Сүүлийн үед нийгмийн хариуцлагын хүрээнд гэсэн нэрээр чихэр тараах, хувцас тараах зэрэг нь хүүхдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна гэж би хувьдаа боддог. Сурагчид надад бусад хүмүүс бэлэн материаллаг эд зүйл өгөх ёстой юм байна гэсэн ойлголт төрүүлэх вий гэж боддог. Харин оронд нь танин мэдэхүй, оюун ухаан тэлэх хөтөлбөр хэрэгжүүлбэл үр өгөөж нь их байх болов уу. Хамгийн энгийн жишээ нь музей үзэх, нийгмийн харилцааг нь дэмжих, энгийн хүүхдүүдтэй харилцуулж, ойлгуулах явдал юм.

Хүүхдүүд хязгаарлагдмал орчинд байсаар, нийгмийн өөр бүлэг хүмүүсийн дунд орохоор өөрийгөө илэрхийлж чадалгүй хямарснаас болоод өөрөө өөрийгөө тусгаарлах үзэгдэл их ажиглагддаг. Сонсголын бэрхшээлтэй хэдий ч нийгэмд ороод, хүн гэдэг утгаар оршин байх тул аль болох янз бүрийн орчинд дасан зохицох, өөрийгөө тусгаарлахгүй байхад анхаарал хандуулсан тусламж хэрэгтэй байна. 

Урьд нь манай сурагчид энгийн хүүхдүүдтэй хамт шувуу ажиглах аялалд явж, хог цэвэрлэх, харилцан бие биенээ ойлголцох хөтөлбөрт оролцож байсан. Ямар ч асуудал гараагүй. Мөн манай сургуульд хөдөө орон нутгаас малчин айлын хүүхдүүд сурдаг. Тэдгээр хүүхдүүдийнхээ амьдардаг орон нутаг, гэрийг нь түшиглээд хотоос гарч үзээгүй хүүхдүүдээ хөдөөгийн амьдралтай танилцуулах хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүсдэг. Энэ мэтчилэн сурагчиддаа үнэ цэнийг нь ойлгуулж, нийгэмд хамааралтай хүн гэдгийг нь мэдрүүлсэн үйл ажиллагаанд бид хамтран ажиллахад ямагт бэлэн.

Монгол Экологи Төв Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус төслийнхөө хүрээнд 29-р сургуульд Сурагч хөгжлийн танхимыг тохижуулан хүлээлгэж өглөө. Энэ нь хэрэгтэй хөрөнгө оруулалт болж чадав уу? Сэтгэгдлээ хуваалцаач?

Хүүхэд сурах, хөгжихөд хамгийн чухал зүйлсийн нэг орчин байдаг. Бид бүгд л тодорхой хэмжээнд сургалтын орчноо сайжруулахыг хичээн ажиллаж байна. Дотуур байраа шинэчлэн засварлах, анги танхимыг дэлгэцээр хангах зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Сурагч хөгжлийн танхим бий болсон нь багш, сурагчдын хувьд хэн хэнд нь хэрэгцээтэй хөрөнгө оруулалт болж чадлаа. Ялангуяа хүүхдүүд маань хичээлийн бус цагаар бие биетэйгээ уулзаж, цагийг хамтдаа өнгөрүүлдэг. Номын санд чимээгүй байх шаардлагатай тул чөлөөтэй байх боломж хомс байсан.

Ярилцлага өгсөнд баярлалаа.

Ахлах ангийн сурагчдын хичээлээс гадуурх сургалтын хэрэгцээ

Монгол Экологи төвөөс Европын Холбооны хамтын санхүүжилтээр “Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус” (ЗТХК) хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь зорилтот ЕБС-ийн ахлах ангийн сурагчид төдийгүй 15-22 насны хүүхэд, залууст хичээлээс гадуурх боловсрол олгож, ур чадварыг нь хөгжүүлж, олон улсын туршлагыг заах замаар Монгол Улсын тогтвортой хөгжилд оролцдог, нөлөөлдөг, хяналт тавидаг, бие даасан, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд оршино. Уг зорилгын хүрээнд ЗТХК хөтөлбөр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүнд:

Хөтөлбөрт дараах зорилтот ЕБС-ууд хамрагдаж байна.

Ховд аймаг

  • Манхан сумын ЕБС
  • Мөнххайрхан сумын ЕБС

Хөвсгөл аймаг

  • Хатгал тосгоны ЕБС
  • Ханх сумын ЕБС

Өмнөговь аймаг

  • Даланзадгад сумын ЕБС
  • Гурвантэс сумын ЕБС

Улаанбаатар хот

  • Налайх дүүргийн 119-р сургууль
  • 12-р сургууль

Дээрх ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын технологи ба инноваци, манлайлал ба хувь хүний хөгжил, тогтвортой хөгжлийн зорилго, бизнес ба санхүү, эрүүл мэндийн чиглэлээрх мэдлэг, хандлага, дадлыг асууж, тэдний сургалтын хэрэгцээг тодорхойлох зорилгоор судалгаа авчээ.

“Цар тахлын нөлөөгөөр танхимаар орохоор төлөвлөж байсан сургалтууд маань цахим хэлбэрт шилжсэн тул бид зөвхөн зорилтот сургуулийн сурагчид гэлтгүй Монгол Улсын нийт хүүхэд, залууст хүрч ажиллах боломжтой болсон эерэг талтай. Гэхдээ тэдний хэрэгцээ шаардлагаас гадна хүсэл сонирхолд нийцсэн сургалтын контент бүтээхийн тулд энэ судалгаа бидэнд их хэрэг болж байна. Аливаа зүйлийг судалгаа, шинжилгээнд үндэслэн хийснээр илүү хүртээмжтэй болдог. Энэ ч утгаараа ижил төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллагуудад ч мөн адил бидний судалгаа тус болох болов уу гэж найдаж байна. Судалгааг хийж гүйцэтгэсэн IRIM-ийн хамт олонд баярлалаа” хэмээн Монгол Экологи төвийн Хөтөлбөрийн зохицуулагч А.Одонтуяа хэллээ.

Судалгааны зарим сонирхолтой үр дүнг инфографик хэлбэрээр хүргэж байна.

Бид 100 гаруй байгаль хамгаалагчийг найдвартай, чанартай унаагаар хангасан

Эх орныхоо уул ус, амьд бодгаль бүхний төлөө амь биеээ үл хайхран зүтгэдэг байгаль хамгаалагчдыг найдвартай, чанартай тээврийн хэрэгслээр хангаж, ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд туслах нь Rally for Rangers хөтөлбөрийн гол зорилго юм. 2014 онд олон улсын мото спорт сонирхогчид Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын 15 байгаль хамгаалагчдад Yamaha AG200 маркийн мотоцикл бэлэглэх аян өрнүүлснээр тус хөтөлбөр эхэлсэн түүхтэй. Мото спорт сонирхогчид хандив цуглуулж авсан мотоциклоо өөрсдөө унаад байгаль хамгаалагчдад хүргэн өгч, түлхүүр солилцох нь энэ хөтөлбөрийн хамгийн сэтгэл хөдөлгөм агшин юм.

Өнөөг хүртэл тус аяны хүрээнд Хөвсгөл, Ховд, Өмнөговь, Баян-Өлгий, Завхан аймгуудад байрлах Монгол Улсын зургаан тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдад 80 гаруй мотоцикл хандивлажээ. Улмаар олон улсын тусгай хамгаалалттай газрын сонорт хүрч, хүсэлт тавих болсноор Аргентин, Непал улсын тусгай хамгаалалттай газруудад 30 мотоцикл бэлэглэсэн байна. Орос, Япон, Австрали, Шинэ Зеланд, АНУ, Канад, Сингапур, Герман, Дани, Ливан гэх мэт олон улсын сайхан сэтгэлт мотоциклын хорхойтнуудын ачаар дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж буй байгаль хамгаалагч гэх чимээгүй баатрууд маань унах унаатай залгаж байна.

Энэ гайхалтай хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч нь тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах, өсвөр үе залуучуудад байгаль орчин тогтвортой хөгжлийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол Экологи Төв юм. Бид тус төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Ё.Бадралтай ярилцлаа.

2021 онд хаана мотоцикл хандивлах вэ? Цар тахлаас шалтгаалсан хүндрэл бэрхшээлүүд юу байна? Тэднийг хэрхэн даван туулж байна вэ?

Ковид цар тахлаас болж бид 2020 оны аяныг нэг жилээр хойшлуулсан. Энэ жил вакцинжуулалт явагдаад, хил нээгдэж байгаа тул есдүгээр сард Монгол Улсын зүүн бүсийн Тусгай хамгаалалттай газрууд болох Дарьганга, Нөмрөг мөн Говийн бүсээс Говийн Б хэсгийн дархан цаазат газруудад мотоцикл хүргэж хандивлахаар ажиллаж байна.

Мөн энэ оны арван нэгдүгээр сард Бутан улсын байгаль хамгаалагч нарт 15 мотоцикл хүргэж өгнө.

Жилд хэдэн мотоцикл хандивладаг вэ? Тусгай хамгаалалттай газруудаа ямар шалгуураар сонгодог вэ?

Бид энэ хөтөлбөрөө жил бүр Монгол болон гаднын аль нэгэн улсад хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл жилд хоёр удаа ралли болдог гэсэн үг.  Нэг удаагийн аянаар 15 мотоцикл хандивладаг. Илүү олон мотоцикл хандивлах боломжтой ч зохион байгуулахад хүндрэлтэй байдаг юм.

Шалгаруулалтын хувьд бид эхлээд Монгол болон гаднын Тусгай хамгаалалттай газруудаас өргөдөл хүлээж авдаг. Дараа нь өргөдлүүдийг судлаж үзээд улсын төсвөөс дэмжлэг муутай, олон улсын хандивлагчдаас туслалцаа бага хүртдэг, эсвэл мотоциклгүй газруудыг сонгодог. Сонирхуулахад өндөр хөгжилтэй барууны орнууд ч хүртэл байгаль хамгаалалын салбарт бага мөнгө төсөвлөдөг. Ялангуяа манайх шиг хөгжиж буй оронд хөрөнгө зарах маш олон салбар байдаг тул байгаль орчны салбарыг онцгойлон анхаарч үздэггүй шүү дээ. Энэ асуудалд тодорхой хувь нэмэр оруулах үүднээс бид энэ аянаа хэрэгжүүлдэг юм.

Ямар орнуудаас хүсэлт ирсэн байна вэ?

Одоогоор Перу, Эквадор, Мозамбик, Свазиленд, Камбож зэрэг улсаас хүсэлт ирсэн байна. 2022 онд Перу юм уу Мозамбик явах тал дээр судалгаа явуулж байна.

Монгол мото спорт сонирхогч оролцдог уу? Ер нь раллид  явах мотоциклчдоо хэрхэн сонгодог вэ?

Оролцоо хүн бүрд нээлттэй хэдий ч яг раллид явах мотоциклчдыг бид өргөдөл хүлээн авч, удирдах зөвлөлийн хурлаараа эцэслэн сонгодог. Ерөнхийдөө хоёр гол шалгуур байдаг. Нэгдүгээрт раллид явах мотоциклчид байгаль хамгаалагчдад хандивлах мотоцикл болон аяллын зардал болох 10 мянган ам.долларын хөрөнгийг хувиараа босгох ёстой. Үүний тулд тухайн тусгай хамгаалалттай газар, байгаль хамгаалагчийн талаар мэдээллийг түгээж олон нийтэд чиглэсэн сурталчилгаа явуулах хэрэгтэй болдог.

Хоёрдугаарт DIRT буюу бартаат замын кросс мотоцикл сайн унадаг туршлагатай байх нь чухал. Учир нь мөнгө босгосон тухайн оролцогч нар Улаанбаатараас тухайн тусгай хамгаалалттай газар луу өөрсдөө мотоциклоо унаад явдаг. Жишээ нь энэ жилийн оролцогчид Улаанбаатараас мотоциклоо унаад бидний гаргасан маршрутын дагуу Сүхбаатар болон Хэнтий аймаг руу явж байгаль хамгаалагчдад мотоциклоо хүргэж өгнө. Мото спорт сонирхогчдын хувьд энэ нь нэг хэлбэрийн урамшуулал болдог. Тэдэнд олон сарын турш хөрөнгө мөнгө босгож, зөвхөн утас, мэйлээр л холбогдож байсан байгаль хамгаалагчтайгаа нүүр тулан уулзаж, түлхүүрээ солилцох нь үнэхээр сайхан мэдрэмжийг төрүүлдэг.

Ирэх жил хааш явах, ямар хүмүүс раллид оролцох шийдвэрийг ирсэн өргөдлүүдийг хянаж үзээд Монгол Экологи Төвийн Удирдах зөвлөл тухайн жилийн намар гаргадаг. Дэлгэрэнгүй мэдээллийг манай http://www.rallyforrangers.org  хуудаснаас авч болно.

Мотоцикл унаад олон мянган км шороон зам туулах их хүндрэлтэй байх. Ялангуяа Монголын замын нөхцөл их хэцүү шүү дээ. Унаачид шантарч байсан, бэртэж байсан тохиолдол байдаг уу? Эдгээр нөхцөлд та бүхэн ямар зохицуулалт хийдэг вэ?

Дийлэнх оролцогчид маань бартаат замын мото спорт сонирхогчид байдаг тул зам нь хэцүү байх тусам их баярладаг л даа. Тэр утгаараа 8-9 хоног шороон замаар бороо, цас, шороон шуурганаар шавар, элсэнд суун явах нь сонин байдаг. Гэхдээ бид аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавидаг тул эмч авч явдаг. Мөн оролцогч болгоныг GPS болон бусад холбооны хэрэгсэл авч явахыг зөвлөдөг. Үүний хажуугаар дотоод зохион байгуулалтаараа дамжуулан бусад асуудлуудыг шийддэг.

Гэмтэл бэртэл гарч байсан тохиолдол бий. Жишээ нь гар хөлийн яс цуурах, хугарах асуудлууд гардаг. Тухайн үед мотоциклоо унах боломжгүй болсон оролцогчдыг тээвэрлэх болон мотоциклийг нь ачаад авч явах автомашин, ачааны тэрэг байнга дагалддаг.

Мотоцикл хандивласан газруудтайгаа эргэх холбоо хэр вэ? Хандивласнаас хойшхи зардал, зарцуулалтыг хэрхэн зохицуулдаг вэ?

Эргэх холбоо их чухал л даа. Бидний хандивладаг Yamaha AG200 мотоцикл нь дэлхийн олон орнуудын байгаль хамгаалагчдын хувьд сонгогдсон унаа нь гэж хэлж болно. Тус загварыг Японд угсардаг юм. Бид ралли болохоос дөрвөн сарын өмнө захиалга өгдөг. Үнийн хувьд 12 сая төгрөгийн үнэтэй. Сэлбэг нь ч дагаад их үнэтэй тусдаг.

Yamaha-ийн албан ёсны төлөөлөгч Протек ХХК-ийн Мөнх-Эрдэнэ захиралтай хамт олон мотоциклийн үнийг хямдруулах, мотоцикл хандивлах зэргээр бидний төслийг дэмжин ажилласаар ирсэн. Одоогоор бид хамгийн их элэгдэгдэлд ордог дугуй, гинж, наклад зэрэг сэлбэгүүдийг хөнгөлөлттэй үнээр эсвэл үнэгүй сольж өгөх тал дээр Протек компанитай ярилцаж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд хамгийн их бахархаж сэтгэл хөдөлгөж байсан үйл явдлын талаар дурдвал?

Энгийн нэг монголын төрийн бус байгууллага өөрийн дотоод нөөц бололцоог ашиглан хөрөнгө мөнгө босгоод Монголын төдийгүй олон улсын 100 гаруй байгаль хамгаалагчдыг найдвартай, чанартай унаагаар хангасандаа бид байнга сэтгэл өндөр явдаг. Жилийн хугацаанд хөрөнгө мөнгө босгоод өөрсдөө мотоциклоо унаж очоод байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгөх тэр мөчид нулимс унагаагүй оролцогч байдаггүй.

2019 онд Балбад болсон Олон улсын байгаль хамгаалагч нарын чуулган дээр 70 гаруй орноос ирсэн 600 гаруй байгаль хамгаалагч нарын өмнө “Монголын нэгэн байгууллагаас Балбын байгаль хамгаалагч нарт зориулан 15 мотоцикл хандивлаж байна“ хэмээн зарлахад олон зуун хүн уухайлсан. Тэр мөчид монголчууд бид нэгдэж л чадвал дэлхийг дагуулах нь эргэлзээгүй үнэн болохыг мэдэрсэн.

Хөтөлбөрийн алсын хараа юу вэ? Мотоциклоос өөр зүйл хандивлах бодол бий юу? Монголын цаг уурын нөхцөлийг бодоход мотоциклоос илүү машин тохиромжтой ч юм шиг…

Цаашид бид жилд 3-4 ралли хийхээр төлөвлөж байна. Монгол Улсад 100 гаруй Тусгай хамгаалалттай газар нутаг байдаг. Бидний хандивладаг мотоцикл чанартай хэдий ч 5-6 жил болоод муудаж, ямар нэгэн сэлбэг хэрэгслийг нь солих шаардлагатай болдог. Иймд бид энэ хөтөлбөрөө байнга хэрэгжүүлэх ёстой гэж боддог.

Машин хандивлах нь тийм амар ажил биш л дээ. Мөн төрийн бус байгууллагын зүгээс хийх ажил биш гэж боддог. Бид өөрсдийн зүгээс хийж чадна гэснээ л хийж байна. Магадгүй өөр нэг байгууллага машины мөнгө босгоод авч өгдөг болох ч юмуу эсвэл эх орон маань хөгжиж, төсөв мөнгө нь хангалттай болоод байгаль хамгаалагчдад ажлаа явуулахад нь шаардлагатай бүхнээр хангаж чаддаг болсон тэр өдөр бид энэ хөтөлбөрөө зогсоож болох байх.

Хөтөлбөрийн үйл ажиллагаа харьцангуй тогтворжсон байна гэж ойлголоо. Гэхдээ улам илүү газруудад хүрч, хөтөлбөрөө илүү далайцтай байлгахын тулд ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

Бид өнөөдрийн нөөц бололцоогоороо нэг дор олон эсвэл бүх тусгай хамгаалалттай газруудад хүрч ажиллах боломжгүй. Гэхдээ бидний жишээг хараад бусад байгууллагууд өөрийн хийж чадах хэрээр хамтарч мөн тусалдаг бол ямар ч асуудлуудыг шийдэж болно гэж хардаг. Бид заавал том, далайцтай байхаас илүү чанартай бөгөөд эзэндээ хүрсэн, тодорхой үр дүнд хүрэх ажлуудыг зохион байгуулахыг эрхэмлэдэг.

Ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Уур амьсгалын өөрчлөлт ба залуусын оролцоо

Гуравдугаар сарын 28-нд Монгол Экологи төв “Уур амьсгалын өөрчлөлт ба залуусын оролцоо” сэдэвт онлайн хэлэлцүүлгийг Эх дэлхийн цагтай хамтран зохион байгууллаа.

Илтгэгчдээр

  • Ургамал судлаач, биологич В.Гүндэгмаа,
  • “Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо” ТББ-ын тэргүүн Х.Түмэндэлгэр,
  • TED илтгэгч, Харилцаа холбооны стратегич Б.Хулан,
  • Sustainable Mongol подкастын үүсгэн байгуулагч, хөтлөгч Н.Энхзул
  • Эх Дэлхийн цаг үйл ажиллагааны зохион байгуулагч Э.Ганхуяг нар оролцож байгаль орчны салбарт амьдралаа холбосон түүх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн авч хэрэгжүүлдэг шинэлэг санаа, мэдлэг, туршлагаа 100 гаруй залууст хуваалцлаа.

Дээрх хэлэлцүүлгээс илтгэгчдийн ярьсан яриаг товчлон хүргэж байна.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БОЛ ДЭЛХИЙ ДЭЭРХ ХҮН БҮРД ХАМААТАЙ АСУУДАЛ

В.Гүндэгмаа: Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагааны улмаас агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хий юм. Хүн амын тоо ихсэхийн хирээр хүний хүнс, өмсөж зүүх хувцас гээд бүхий л хэрэгцээ нэмэгддэг. Хүн амаа тэтгэж, тэжээхийн тулд үйлдвэржилт нэмэгдсэнээр агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж ихсэж, уур амьсгалын өөрчлөлтийг түргэсгэж байна. Хүний үйл ажиллагааны улмаас агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж ихсэж байгаа нь орчин үеийн уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж байна.

Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий дээр амьдарч буй хүн бүрийн анхаарлаа хандуулах ёстой асуудал

Агаар мандалд ялгарч байгаа нүүрсхүчлийн хийг өөртөө шингээж, амьсгалах цэвэр агаарыг ялгаруулдаг зүйл нь ногоон ургамал юм. Анх дэлхийд ногоон ургамал бий болж хүчилтөрөгч ялгаруулснаар дэлхий дээр амьдрал үүссэн байдаг.

Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий дээр амьдарч буй хүн бүрийн анхаарлаа хандуулах ёстой асуудал юм. Улс орнуудын хувьд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал байх ёстой.

МУ-ын бүхий л газар нутагт уур амьсгалын өөрчлөлт мэдэгдэхүйц нөлөөлж эхэлсэн. Манай орны хувьд уур амьсгалын дулаарал дэлхийн дунджаас илүү эрчимтэй явагдаж байна. 2009 онд гарсан “Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний илтгэл”-д дурьдсанаар агаарын температур 2 метрийн өндөрт 2.140С-аар дулаарсан гэж тэмдэглэсэн нь үүний гэрч юм. Энэ нь дэлхийн дунджаас даруй 3 дахин эрчтэй дулаарч байна гэсэн үг. Ялангуяа өндөр уулын бүс нутаг илүүтэй өртөж байна. Монгол Алтайн бүс нутаг 3-4 градус дулаарсан байдаг.

Х.Түмэндэлгэр:  Ер нь бид орчноо анзаарах хэрэгтэй болжээ. Манай говьд Бажууна буюу намхан гишүүнэ гэдэг ургамал бий. Намхан гишүүнэ өөрөө дэлхийд ганц мазаалайн үндсэн хоол тэжээл. 50 орчим жилийн өмнө хавар ургаж, зургадугаар сарын дунд цэцэглээд үрээ өгдөг ургамал байсан. Харин одоо цэцэг нь навчтайгаа хамт ургадаг болсон. Хүн дээр жишээлэхэд хүүхдийг 10 сар тээдэг байсан бол одоо 9 сар дөхөөд л төрдөг болчихсон. Эдгээр жишээ дэлхий их хурдацтайгаар өөрчлөлтөд орж байгаагийн илрэл юм.

Хүмүүс зөвхөн гадаад явахаараа л нүд нь тайлагддаг юм биш. Ялангуяа хотод өссөн залуус хөдөө очиж үзэх хэрэгтэй.

50-хан жилийн хугацаанд байгаль орчинд их олон өөрчлөлт гарч байна. Ялангуяа зэрлэг амьтан, ургамал олноороо устаж байна. Иймд бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хамгийн гол нь шинжлэх ухаанаар батлагдсан оновчтой аргыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Б.Хулан:   Би Naomi Oreskes, Erik M. Conway нарын “Merchants of Doubt” хэмээх бүтээлийг уншиж уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хүн амын нягтаршил, хүлэмжийн хийн хэтийдсэн ялгарал, зохисгүй хөдөө аж ахуйн сөрөг нөлөөллийн цар хүрээг ойлгон, илүү няхуур судалж эхэлсэн.

Мөн би хөдөө их явдаг байсан. Бид өөрт харагдаж, мэдрэгдээгүй асуудлыг огт тоодоггүй юм билээ. Яг хөдөөгүүр яваад малчидтай ярилцаад ямар асуудал тулгарч байгааг мэдмэгц Улаанбаатраас гадагш сэтгэж, асуудлыг илүү том зургаар ойлгож эхэлсэн. Нэг ёсондоо нүд тайлж, чих онгойсон. Хүмүүс зөвхөн гадаад явахаараа л нүд нь тайлагддаг юм биш. Ялангуяа хотод өссөн залуус хөдөө очиж үзэх хэрэгтэй.

Цар тахлын улмаас хүмүүс гэртээ байснаар эх дэлхийд эерэг өөрчлөлт гарч байна гэж ойлгоод байна. Улаанбаатарт зэрлэг амьтад орж ирж буйг эерэг гэж хараад байна.

Цар тахал эхлэх үед TED Talk бичээд албан ёсны байгууллагад нь илгээсэн. 600 мянган хүнээс минийх шалгарч өнгөрсөн оны есдүгээр сард TED Talk-аа тавьсан. Манай нүүдэлчин ахуй уур амьсгалын өөрчлөлтөд яаж өртөж байгаа вэ, ямар аюул тулгарч байгаа вэ гэдгийг тайлбарлахыг хичээсэн. Ингэж би уур амьсгалын өөрчлөлт болон байгальд ээлтэй байх талаар илүү мэдлэгтэй болж, эргэлт буцалтгүйгээр амьдралаа холбосон.

БИД ЧАНАРТАЙ МАЛ АЖ АХУЙТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

Х.Түмэндэлгэр:  Гэрийн тэжээмэл малын тоо ихэссэнээр зэрлэг амьтдын амьдрах орчин шахагдаж эхэлдэг. Жишээ нь говийн зэрлэг амьтад устай газруудад ирж ус уух гэхээр тэнд нь гэрийн тэжээмэл амьтан шавчихсан байдаг. Үүнээс болоод хулан, цагаан зээр, хар сүүлт зэрэг талын туурайтай амьтад ус ч ууж чадахгүй алсаас хараад зогсдог.

Мөн бэлчээрийн доройтлоос болж айлын хотны дэргэдэх хогийн ургамал дийлдэхээ байсан. Өмнөговиос хойш Дундговь руу явах зам битүү шарилж, луулиар хучигдсан байдалтай байна. Хустайн нурууны хогийн ургамал харьцангуй багассан сайн мэдээтэй. Учрыг нь лавлахад гэрийн тэжээмэл амьтдыг оруулахгүй болсонтой холбоотой гэсэн. Малын тоо толгойг барих, бэлчээрийн зохистой ашиглалтын талаар хүн болгон ярьдаг ч дорвитой шийдэл байхгүй.

Манай аймаг мод тарьсан иргэнд санхүүгийн урамшуулал олгодог. Нэг иргэн жилд 80 сая төгрөгийн урамшуулал авсан тохиолдол бий. Үр дүнг нь тооцохдоо тоог нь биш ургуулж чадсаныг нь шагнадаг.

В.Гүндэгмаа: Монгол орон нь байгаль цаг уураас шалтгаалсан эдийн засагтай. Биднийг тэжээдэг малын тоо, толгойн хэт өсөлт нь бэлчээрийн ургамалд сөргөөр нөлөөлж байна. Тэгвэл бид яах вэ. Чанартай мал аж ахуйтай болох хэрэгтэй. Жишээ нь нэг малын ашиг шим арван малтай дүйцэхүйц ашиг шим өгдөг мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй. Мал өсгөн үржүүлэхэд бэлчээрийн даац, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хүн, машины даацыг тооцож байх хэрэгтэй. Үүн дээр үндэслээд төлөвлөлт хийж, хэрэгжилтэнд хяналт тавих чухал.

Олон амьтдын хоол тэжээл, гэр орон болдог учир бид анхаарлаа хандуулах хэрэгтэй

Цар тахлын улмаас хүмүүс гэртээ байснаар эх дэлхийд эерэг өөрчлөлт гарч байна гэж ойлгоод байна. Улаанбаатарт зэрлэг амьтад орж ирж буйг эерэг гэж хараад байна. Энэ нь угтаа өнгөрсөн онд ургамал ид ургадаг цагт бороо хур бага байснаас ургамал ургах цагтаа ургаагүй. 7-8 дугаар сард орсон бороогоор цөөн наст буюу хөл газрын мал амьтдад шим тэжээл муутай ургамлууд ургасан нь эргээд зэрлэг амьтад тэжээлийн хомстолд орж хот руу орж байгаа нь ажиглагдаж байна. Ертөнцийн бүхий л амьдралыг тэтгэдэг экосистемийн суурь нь ногоон ургамал юм. Олон амьтдын хоол тэжээл, гэр орон болдог учир бид анхаарлаа хандуулах хэрэгтэй.

АМЬДАРЧ БУЙ БҮС НУТАГТАА УРГАДАГ МОД, УРГАМЛЫГ ТАРИХ ЗОХИСТОЙ

Х.Түмэндэлгэр:  Өмнөговь аймаг жилд 100 мянга орчим мод тарьдаг. Бид айл бүрийг хашаандаа хүүхдийнхээ нэрэмжит модтой болгох хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд эхлээд аймгийн хүүхдүүддээ хэрхэн мод тарих талаар сургалт ордог. Энэ хөтөлбөр их амжилттай хэрэгжиж өдгөө олон айлын хүүхэд хашаандаа мод тарьж, эцэг эхтэйгээ хамт арчлан тордож байна.

Мөн манай аймаг мод тарьсан иргэнд санхүүгийн урамшуулал олгодог. Нэг иргэн жилд 80 сая төгрөгийн урамшуулал авсан тохиолдол бий. Үр дүнг нь тооцохдоо тоог нь биш ургуулж чадсаныг нь шагнадаг. Хамгийн гол нь зөвхөн говийн унаган мод тарих ёстой гэсэн шаардлага тавьдаг юм. Учир нь хөндлөнгийн харь нутгийн ургамлыг тарьж ургуулахад хэцүү.

 Хүүхдийг багаас нь байгаль орчны мэдлэгтэй болгох хэрэгтэй

В.Гүндэгмаа: Ямар мод ургамал тарих вэ гэж хүмүүс их асуудаг. Амьдарч буй бүс нутагтаа ургадаг мод, ургамлыг тарих нь зохистой. Сүүлийн үед мэргэжлийн хүмүүс хүртэл харь зүйлийн ургамлыг гудамж талбайгаар тарьдаг болчихсон. Харь зүйл нь экосистем, ургамлан бүлгэмдэлийг эвдэх аюултай.

ТАСАЛГААНДАА АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ БИШ ХҮЧИЛТӨРӨГЧ ХАМГИЙН САЙН ЯЛГАРУУЛДАГ УРГАМАЛ ТАРЬ

Х.Түмэндэлгэр:  Хүүхдийг багаас нь байгаль орчны мэдлэгтэй болгох хэрэгтэй. Ууг нь БСШУЯ тухайн хичээлийн 25%-ийг эх орныхоо онцлог зүйлээр баяжуулах ёстой гэсэн байдаг. Харамсалтай нь энэ шийдвэр амьдрал дээр хэрэгждэггүй. Жишээ нь дунд сургуулийн багш нар говьд ямар амьтан, ургамал байдаг гэдгийг сайн мэддэггүй. Бид орон нутагт байгаагийн хувьд үүнийг сурах бичиг болгоод гаргаад өгсөн. Одоогоор хэвлэн тараах санхүүжилтийн асуудлаа шийдээгүй байна.

Мөн жил бүрийн есдүгээр сарын 2-нд улс даяар сурагчид палеонтологийн хичээл үзэх хэрэгтэй. Учир нь Өмнөговь аймагт анхны үлэг гүрвэлийн өндөг олдсон өдөр юм. Мөн 1943 онд наймдугаар сарын 4-нд мазаалайг анх харсан өдөр. Жил бүрийн энэ өдөр сурагчид мазаалайн талаар хичээл үздэг байвал үр дүнтэй байх болов уу гэж боддог.

Хамгийн энгийн боловсрол бол тасалгаандаа хүчилтөрөгч хамгийн сайн ялгаруулдаг ургамал тарих.

В.Гүндэгмаа: Бидний амьдарч буй зууныг мэдээллийн зуун л гэдэг. Үнэндээ бид асуудлын зуунд амьдарч байна. Учир нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй асуудал урьд өмнө байгаагүйгээр нэмэгдэж, тэдгээрийг шийдэх, даван туулах арга замыг эрэлхийлэх нь энэ зууны онцлог болж байна. Тухайлбал: Уур амьсгалын өөрчлөлт, коронавирус гэх мэт хүн төрөлхтөнд урд өмнө нь тулгарч байгаагүй асуудлууд бий болж байна. Бид эдгээрт ямар эерэг хариу арга хэмжээ авах вэ гэдэг их чухал. Үүнтэй холбоотойгоор хүн бүр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож амьдралын хэв маягаа тохируулан өөрчлөхөд уур амьсгалын боловсрол зайлшгүй хэрэгтэй.

Бидний хийх энгийн зүйл бол тасалгаандаа хүчилтөрөгч хамгийн сайн ялгаруулдаг ургамал тарих. Навчаар гоёдог бүх төрөл зүйлийн ургамал хүчилтөрөгчийг хамгийн ихээр ялгаруулдаг. Жишээ нь мөнхрөө, ногоон согсоргоно гэх мэт. Сургуулиуд анги танхимдаа битүү мөнхрөө, ногоон согсоргоно тарих чухал.

МОНГОЛ УЛС УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЦАГААЧДЫГ ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛЭН ҮҮ

Б.Хулан:  НҮБ-ын тайланд 2050 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад 200 сая хүн уур амьсгалын өөрчлөлтийн цагаачид (Climate Refugee) болно гэсэн судалгаа бий. 200 сая хүн өөрсдийн нутгаасаа түлхэгдэж, орон гэргүй, нутаг үсгүй болно гэсэн үг.

10 сая хүн амтай, Индонезийн нийслэл Жакарта хот хүлэмжийн хийн ялгарлаа багасгахгүй бол 2050 он гэхэд усанд автана. Энэ мэт аюулд өртөөд буй далайн эргийн улсууд төв рүүгээ нүүж орж ирж таарна. Монгол Улс руу цагаачид орж ирэх магадлал асар өндөр болно гэсэн үг. Гэтэл бид энд бэлэн үү. Зүүн Өмнөд Азийн орнууд аль хэдийн энэ талаар бодоод эхэлчихсэн. Эрсдлийн менежмент талаасаа ямар орнуудтай дипломат харилцаагаа сайжруулах хэрэгтэй вэ гэдгээ тооцоод, хэрэгжүүлээд эхэлчихсэн. Энэ асуудалд манай төр засаг ямар бодлого баримталж байгаа вэ. Ирээдүйд энэ олон хүн ороод ирвэл бид ямар хууль эрхзүйн зохицуулалттай байх вэ гэдэгт одооноос бэлтгэх хэрэгтэй гэж боддог.

ГАДААДЫН МУНДАГ ИННОВАЦИЙГ ШУУД ХУУЛАХ НЬ МОНГОЛД ЗОХИМЖГҮЙ

Б.Хулан:  Гадаадын мундаг инновацийг шууд хуулах нь манайд зохимжгүй. Учир нь бид нүүдэлчин ахуйтай, өөрсдийн гэсэн онцлогтой, байгальтай нандин холбоотой ард түмэн. Бид өөрсдөдөө тохирсон арга барилыг олох хэрэгтэй. Тэгэхийн тулд ахмад эрдэмтдийнхээ хийсэн ажлуудаас эргэж судлаад түүнийгээ шинэ инновациудтай уялдуулаад хослуулж явах ёстой гэж боддог.  Учир нь ахмад эрдэмтдийн амьдарч байсан нийгэм нь өөр, бодлого нь нэг төвтэй байсан учир хийж буй ажилдаа сэтгэлээ зориулдаг байсан. Чөлөөт эдийн засаг рүү шилжих үед хэсэг ХАА систем зогсонги болсон. Учир нь малчид дээр очиж сургалт хийж, арга техник заадаг зоотехникч нар асар цөөрсөн.

Одоо ч ахмад эрдэмтэд маань залуу эрдэмтэдтэй хамтарч ажилладаг. Жишээ нь Элсэн тасархай дахь цөлжилтийн суурин судалгааны төв асар том ажлуудыг хийдэг. Манай эрдэмтэд маш сайн ажиллаж байна. Гол нь төр засаг болон хувийн хэвшлийнхэн хосолсон байдлаар менежментийг нь илүү сайжруулах ажил дутагдаад байна уу гэж хардаг.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖТОЙ

Б.Хулан:  Монголын ногоон санхүүгийн корпораци гэж бий. Энэ байгууллага эрчим хүчний хэмнэлт гаргаж буй байгууллагуудад хөнгөлөлттэй зээл олгодог. Мөн Тогтвортой санхүүжилтийн холбоо гэж бий. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг явагдаж буй бүхий л төсөл хөтөлбөрийг дэмждэг. Энэ мэтээр зөвхөн Монголд гэлтгүй гаднын ОУ-ын байгууллагууд бий. Бид төр засгийг хүлээх хэрэггүй. Боломж үргэлж байдаг. Энэ тал дээр өөрсдөө маш сайн хайлт хийж, судалгаа хийх хэрэгтэй. Хамгийн гол нь залуус маань төслийн баримт бичгээ маш сайн боловсруулах хэрэгтэй. Төслийн үр өгөөжийг маш тодорхой, маш ойлгомжтой бичих хэрэгтэй.

Ямар ч ажил хийж байгаа залуучууд төслийн удирдлагын мэдлэгтэй болох нь чухал. Энэ талын мэдлэг эзэмшсэнээр хийж байгаа ажлаа эмх цэгцтэй, зөв дэс дараалалтай хийдэг чадварт суралцана.

В.Гүндэгмаа: Санхүүжилтийг Байгаль орчны яам нэгдсэн байдлаар зохицуулж судлаач нартаа хүргэдэг байвал зохистой гэж үзэж байна. Байгалийн судалгаа хийнэ гэдэг нь судлаач хүний чин сэтгэл, эр зориг дээр хийгддэг ажил байдаг

БИД ХҮРЭН СЭТГЭЛГЭЭНЭЭС НОГООН СЭТГЭЛГЭЭ РҮҮ ШИЛЖИХ ХЭРЭГТЭЙ

Б.Хулан:  Нэн түрүүнд бид хүрэн сэтгэлгээнээс ногоон сэтгэлгээ рүү шилжих хэрэгтэй. Хоёрт бид хариуцлагаа ухамсарлаж, оролцоотой байх хэрэгтэй. Ядаж л эргэн тойронд байгаа хүмүүст уур амьсгалын өөрчлөлтийн талаар ойлгуулдаг байх хэрэгтэй. Хүмүүс хүлэмжийн хийн ялгарлыг зам дээр явж буй машинаас л гардаг гэсэн ойлголттой байдаг. Гэвч тээврийн хэрэгслээс гарч буй хүлэмжийн хийн ялгарал хөдөө аж ахуйн салбартай харьцуулбал дэндүү бага. Хариуцлагатай байна гэдэг нь зөв мэдээллийн эх үүсвэрээс зөв мэдээллийг олж авахыг хэлнэ. Бид ганц л олдох амьдралаа илүү их утга учиртай өнгөрүүлээд эргээд харахад том зүйлийн төлөө хувийн эрх ашгаа золиослосон байхад харамсхааргүй санагддаг. Ашиг хөөнө гэхээсээ илүү байгальдаа ээлтэй, нийгэмдээ ээлтэй ажлын төлөө сайн дураараа зүтгэх хэрэгтэй.

ОРХОН АЙМГИЙН ЗДТГ ОРОН НУТАГТАА ЖИЛ БҮР ЭХ ДЭЛХИЙН ЦАГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨСӨВ СУУЛГАХ ШИЙДВЭР ГАРГАСАН

Э.Ганхуяг: Эх дэлхийн цагийг МУ-д 2010 оноос жил бүр тэмдэглэдэж байна. Өмнө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай зэрэг нийтийг хамарсан газарт олон хүнд мэдээлэл хүргэх зорилгоор зохион байгуулдаг байсан. Энэ жил цар тахлаас шалтгаалан цахимаар зохион байгуулж байна.

2018 онд Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрлийг нэг цагийн турш унтрааснаар хүлэмжийн хийн ялгарлыг 121 кг-аар бууруулсан гэсэн судалгаа байдаг. Монгол Улс даяараа 60 минутын турш гэрлээ унтраавал үүнээс илүү сайхан үр дүн гарах нь тодорхой. Нэг сайн жишээ дурдахад энэ жил Орхон аймгийн ЗДТГ орон нутагтаа жил бүр Эх дэлхийн цагийг зохион байгуулах төсөв суулгах шийдвэр гаргасан. Жилээс жилд энэ арга хэмжээний маань ач холбогдлыг ойлгож буй хувь хүн, албан байгууллагууд нэмэгдэж байгаад зохион байгуулагчдын зүгээс баяртай байдаг. Эерэг өөрчлөлт авчрахын төлөө бид цаашид олон ажил хийх болно.