News

Бид эх дэлхийгээ хайрлана, хамгаална, үлдээнэ

Эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хойч үедээ үлдээх зорилготой Монгол экологи төвийн улиран одож буй 2021 онд хийсэн томоохон ажлуудаас тоймлон хүргэе.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БОЛ ДЭЛХИЙ ДЭЭРХ ХҮН БҮРД ХАМААТАЙ АСУУДАЛ

2021 оны гуравдугаар сарын 28-нд Монгол Экологи төв “Уур амьсгалын өөрчлөлт ба залуусын оролцоо” сэдэвт онлайн хэлэлцүүлгийг Эх дэлхийн цагтай хамтран зохион байгуулсан. Илтгэгчдээр ургамал судлаач, биологич В.Гүндэгмаа, “Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо” ТББ-ын тэргүүн Х.Түмэндэлгэр, TED илтгэгч, Харилцаа холбооны стратегич Б.Хулан, Sustainable Mongol подкастын үүсгэн байгуулагч, хөтлөгч Н.Энхзул, Эх Дэлхийн цаг үйл ажиллагааны зохион байгуулагч Э.Ганхуяг нар оролцож байгаль орчны салбарт амьдралаа холбосон түүх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн авч хэрэгжүүлдэг шинэлэг санаа, мэдлэг, туршлагаа 100 гаруй залууст хуваалцсан билээ.

Хэлэлцүүлгийн үеэр илтгэгчдийн ярьсан гол санааг товчлон хүргэе.

СУРАГЧИД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫН ТАЛААР НАРИЙН МЭДЭХГҮЙ Ч БАЙГАЛЬ ОРЧНОО ХАЙРЛАН ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭСЭН ЭЕРЭГ ХАНДЛАГАТАЙ

Монгол экологи төвөөс Европын холбооны хамтын санхүүжилтээр Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус буюу Youth Sustainability Corps хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөр нь Монгол Улсын 15-22 насны хүүхэд, залууст хичээлээс гадуурх боловсрол олгож, ур чадварыг нь хөгжүүлж, олон улсын туршлагыг заах замаар нийгэмд оролцоотой, байгальд ээлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд ахлах ангийн сурагчдын хичээлээс гадуурх сургалтын хэрэгцээг тодорхойлох зорилгоор IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран судалгаа хийжээ. Тус судалгааны зарим үр дүнг инфографикаар хүргэе.

“ХҮҮХЭД СУРАХ, ХӨГЖИХӨД ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛСИЙН НЭГ ОРЧИН БАЙДАГ”

Монгол Экологи төв Австралийн бичил төслийн сангийн санхүүжилтээр сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн үндэсний хэмжээнд цорын ганц Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд сурагч хөгжлийн танхим засаж тохижуулан, хүлээлгэн өглөө. Тус танхимын түлхүүр гардуулах ёслолын үеэр 29 дүгээр сургуулийн Нийгмийн ажилтан Э.Батзолбоо:

“Хүүхэд сурах, хөгжихөд хамгийн чухал зүйлсийн нэг орчин байдаг. Бид бүгд л тодорхой хэмжээнд сургалтын орчноо сайжруулахыг хичээн ажиллаж байна. Дотуур байраа шинэчлэн засварлах, анги танхимыг дэлгэцээр хангах зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Сурагч хөгжлийн танхим бий болсон нь багш, сурагчдын хувьд хэн хэнд нь хэрэгцээтэй хөрөнгө оруулалт болж чадлаа.

Сүүлийн үед нийгмийн хариуцлагын хүрээнд гэсэн нэрээр чихэр, хувцас тараах зэрэг нь хүүхдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна гэж би хувьдаа боддог. Сурагчид надад бусад хүмүүс бэлэн материаллаг эд зүйл өгөх ёстой юм байна гэсэн ойлголт төрүүлэх вий гэж боддог. Харин оронд нь танин мэдэхүй, оюун ухаан тэлэх хөтөлбөр хэрэгжүүлбэл үр өгөөж нь их байх болов уу. Хамгийн энгийн жишээ нь музей үзэх, нийгмийн харилцааг нь дэмжих, энгийн хүүхдүүдтэй харилцуулж, ойлгуулах явдал юм.” гэсэн юм.

Мөн төслийн хүрээнд дохионы хэлтэй сурагчдад зориулсан хичээлээс гадуурх мэдлэг олгох видео контент хийсэн төдийгүй сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй сурагчдыг нийгэмшүүлэх зорилгоор энэ оны наймдугаар сард “Залуусын хүч” арга хэмжээг зохион байгуулсан билээ.

ХЭЭР ТАЛ, ЭЛСЭН МАНХАНД ШИНЭ ХҮЛЭГТЭЙ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД СҮЛЖИЛДЭН ДАВХИНА

Эх орныхоо уул ус, амьд бодгаль бүхний төлөө амь биеэ үл хайхран зүтгэдэг байгаль хамгаалагчдыг найдвартай, чанартай тээврийн хэрэгслээр хангаж, ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд туслах зорилготой “Rally for Rangers” хөтөлбөр долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн аян 9-р сарын 11-нээс 23-ны хооронд үргэлжилсэн ба Монгол Улсын зүүн бүсийн Тусгай хамгаалалттай газрууд болох Нөмрөг, Дарьганга мөн Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн байгаль хамгаалагчдад 15 мотоцикл хандивласан юм.

“Rally for Rangers” хөтөлбөр 2014 онд олон улсын мото спорт сонирхогчид Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын 15 байгаль хамгаалагчдад Yamaha AG200 маркийн мотоцикл бэлэглэх аян өрнүүлснээр эхэлсэн түүхтэй. Мото спорт сонирхогчид хандив цуглуулж авсан мотоциклоо өөрсдөө унаад байгаль хамгаалагчдад хүргэн өгч, түлхүүр гардуулах нь энэ хөтөлбөрийн хамгийн сэтгэл хөдөлгөм агшин юм. Мото спорт сонирхогчдын хувьд энэ нь нэг хэлбэрийн урамшуулал болдог. Тэдэнд олон сарын турш хөрөнгө мөнгө босгож, зөвхөн утас, мэйлээр л холбогдож байсан байгаль хамгаалагчтайгаа нүүр тулан уулзаж, түлхүүрээ солилцох нь үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг төрүүлдэг төдийгүй өгсөн авсан хэн хэнийх нь нүдэнд баярын нулимс цэлэлзүүлдэг.

Мөн тус аяны хүрээнд “We are Rangers” буюу “Бид байгаль хамгаалагч” хэмээх байгаль хамгаалагчдын ажлын онцлог, ач холбогдлыг олон нийтэд хүргэх зорилгоор богино хэмжээний цуврал баримтат киног бүтээлээ.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГУРВАНТЭС СУМЫНХАНД ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СУРГАЛТ ОРЛОО

Монгол экологи төвөөс Adventure Travel Conservation Fund-ийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд хэрэгжиж буй төслийн хүрээнд гурван өдрийн сургалт явууллаа. Тус төслийн хүрээнд 2020 онд Гурвантэс суманд гадна дотнын жуулчид хүлээн авах зориулалттай гурван гэр барьж иргэдэд хүлээлгэн өгчээ. Ингэснээр иргэд аялал жуулчлалын оргил үед нэмэлт орлого олох, нутгийн өв уламжлал, соёл заншлаа таниулах боломжтой болох юм.

Энэ оны 11 дүгээр сард Гурвантэс сумын иргэдэд зочлох үйлчилгээний сургалт буюу кофе, нарийн боов, хачиртай талх, пицца хийх сургалт орсноос гадна кофе шоп явуулахад шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг хандивлалаа.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР, ЕБС-ИЙН АЖИЛЧДАД ТАЙЛБАР ТАНИЛЦУУЛГЫН СУРГАЛТ ОРЛОО

Монгол экологи төвөөс Монгол Улсын Тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлдэг National Park Academy хөтөлбөрийн хүрээнд 2021 онд дараах газруудад тайлбар танилцуулга сургалтыг орлоо.

  • Дарьгангын байгалийн цогцолборт газар
  • Нөмрөгийн дархан цаазат газар
  • Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар
  • Хар Ус нуурын байгалийн цогцолборт газар
  • Ховд аймгийн Зэрэг сумын ЕБС
  • Ховд аймгийн Манхан сумын ЕБС
  • Мөнххайрханы байгалийн цогцолборт газар
  • Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргаа
  • Тост тосон бумбын нурууны байгалийн нөөц газар
  • Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Политехникийн сургууль.

Сургалтад дээрх байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 160 орчим хүн оролцож, өөрийн хамгаалдаг газар, өв соёл, үүх түүхээ бусдад хэрхэн тайлбарлах талаар мэргэжлийн сургалт авлаа.

15-22 НАСНЫ ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨРӨӨ МОНГОЛ ОРОН ДАЯАР НЭЭЛТТЭЙ БОЛГОЛОО

Монгол экологи төвөөс Европын холбооны хамтын санхүүжилтээр Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус буюу Youth Sustainability Corps (YSC) хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөр нь 15-22 насны залуусын мэргэжил сонголтыг дэмжих, хичээлээс гадуурх боловсрол олгох, төслийн санаачилгын уралдаан явуулах замаар нийгэмд оролцоотой, байгальд ээлтэй манлайлагчид болгон төлөвшүүлэх зорилготой.

Хөтөлбөрийн ихэнх үйл ажиллагаа цахимаар явагддаг тул интернетэд орох боломжтой хүүхэд залуус бүр тус хөтөлбөрийн оролцогч болж, үр өгөөжийг нь хүртэх боломжтой боллоо. Мөн YSC нь ЕБС-ийн багш нарт зориулсан үнэ төлбөргүй, цахим сургалт зохион байгуулдаг билээ. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай.