News

Уур амьсгалын өөрчлөлт ба залуусын оролцоо

Гуравдугаар сарын 28-нд Монгол Экологи төв “Уур амьсгалын өөрчлөлт ба залуусын оролцоо” сэдэвт онлайн хэлэлцүүлгийг Эх дэлхийн цагтай хамтран зохион байгууллаа.

Илтгэгчдээр

  • Ургамал судлаач, биологич В.Гүндэгмаа,
  • “Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо” ТББ-ын тэргүүн Х.Түмэндэлгэр,
  • TED илтгэгч, Харилцаа холбооны стратегич Б.Хулан,
  • Sustainable Mongol подкастын үүсгэн байгуулагч, хөтлөгч Н.Энхзул
  • Эх Дэлхийн цаг үйл ажиллагааны зохион байгуулагч Э.Ганхуяг нар оролцож байгаль орчны салбарт амьдралаа холбосон түүх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн авч хэрэгжүүлдэг шинэлэг санаа, мэдлэг, туршлагаа 100 гаруй залууст хуваалцлаа.

Дээрх хэлэлцүүлгээс илтгэгчдийн ярьсан яриаг товчлон хүргэж байна.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БОЛ ДЭЛХИЙ ДЭЭРХ ХҮН БҮРД ХАМААТАЙ АСУУДАЛ

В.Гүндэгмаа: Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагааны улмаас агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хий юм. Хүн амын тоо ихсэхийн хирээр хүний хүнс, өмсөж зүүх хувцас гээд бүхий л хэрэгцээ нэмэгддэг. Хүн амаа тэтгэж, тэжээхийн тулд үйлдвэржилт нэмэгдсэнээр агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж ихсэж, уур амьсгалын өөрчлөлтийг түргэсгэж байна. Хүний үйл ажиллагааны улмаас агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж ихсэж байгаа нь орчин үеийн уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж байна.

Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий дээр амьдарч буй хүн бүрийн анхаарлаа хандуулах ёстой асуудал

Агаар мандалд ялгарч байгаа нүүрсхүчлийн хийг өөртөө шингээж, амьсгалах цэвэр агаарыг ялгаруулдаг зүйл нь ногоон ургамал юм. Анх дэлхийд ногоон ургамал бий болж хүчилтөрөгч ялгаруулснаар дэлхий дээр амьдрал үүссэн байдаг.

Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий дээр амьдарч буй хүн бүрийн анхаарлаа хандуулах ёстой асуудал юм. Улс орнуудын хувьд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал байх ёстой.

МУ-ын бүхий л газар нутагт уур амьсгалын өөрчлөлт мэдэгдэхүйц нөлөөлж эхэлсэн. Манай орны хувьд уур амьсгалын дулаарал дэлхийн дунджаас илүү эрчимтэй явагдаж байна. 2009 онд гарсан “Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний илтгэл”-д дурьдсанаар агаарын температур 2 метрийн өндөрт 2.140С-аар дулаарсан гэж тэмдэглэсэн нь үүний гэрч юм. Энэ нь дэлхийн дунджаас даруй 3 дахин эрчтэй дулаарч байна гэсэн үг. Ялангуяа өндөр уулын бүс нутаг илүүтэй өртөж байна. Монгол Алтайн бүс нутаг 3-4 градус дулаарсан байдаг.

Х.Түмэндэлгэр:  Ер нь бид орчноо анзаарах хэрэгтэй болжээ. Манай говьд Бажууна буюу намхан гишүүнэ гэдэг ургамал бий. Намхан гишүүнэ өөрөө дэлхийд ганц мазаалайн үндсэн хоол тэжээл. 50 орчим жилийн өмнө хавар ургаж, зургадугаар сарын дунд цэцэглээд үрээ өгдөг ургамал байсан. Харин одоо цэцэг нь навчтайгаа хамт ургадаг болсон. Хүн дээр жишээлэхэд хүүхдийг 10 сар тээдэг байсан бол одоо 9 сар дөхөөд л төрдөг болчихсон. Эдгээр жишээ дэлхий их хурдацтайгаар өөрчлөлтөд орж байгаагийн илрэл юм.

Хүмүүс зөвхөн гадаад явахаараа л нүд нь тайлагддаг юм биш. Ялангуяа хотод өссөн залуус хөдөө очиж үзэх хэрэгтэй.

50-хан жилийн хугацаанд байгаль орчинд их олон өөрчлөлт гарч байна. Ялангуяа зэрлэг амьтан, ургамал олноороо устаж байна. Иймд бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хамгийн гол нь шинжлэх ухаанаар батлагдсан оновчтой аргыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Б.Хулан:   Би Naomi Oreskes, Erik M. Conway нарын “Merchants of Doubt” хэмээх бүтээлийг уншиж уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хүн амын нягтаршил, хүлэмжийн хийн хэтийдсэн ялгарал, зохисгүй хөдөө аж ахуйн сөрөг нөлөөллийн цар хүрээг ойлгон, илүү няхуур судалж эхэлсэн.

Мөн би хөдөө их явдаг байсан. Бид өөрт харагдаж, мэдрэгдээгүй асуудлыг огт тоодоггүй юм билээ. Яг хөдөөгүүр яваад малчидтай ярилцаад ямар асуудал тулгарч байгааг мэдмэгц Улаанбаатраас гадагш сэтгэж, асуудлыг илүү том зургаар ойлгож эхэлсэн. Нэг ёсондоо нүд тайлж, чих онгойсон. Хүмүүс зөвхөн гадаад явахаараа л нүд нь тайлагддаг юм биш. Ялангуяа хотод өссөн залуус хөдөө очиж үзэх хэрэгтэй.

Цар тахлын улмаас хүмүүс гэртээ байснаар эх дэлхийд эерэг өөрчлөлт гарч байна гэж ойлгоод байна. Улаанбаатарт зэрлэг амьтад орж ирж буйг эерэг гэж хараад байна.

Цар тахал эхлэх үед TED Talk бичээд албан ёсны байгууллагад нь илгээсэн. 600 мянган хүнээс минийх шалгарч өнгөрсөн оны есдүгээр сард TED Talk-аа тавьсан. Манай нүүдэлчин ахуй уур амьсгалын өөрчлөлтөд яаж өртөж байгаа вэ, ямар аюул тулгарч байгаа вэ гэдгийг тайлбарлахыг хичээсэн. Ингэж би уур амьсгалын өөрчлөлт болон байгальд ээлтэй байх талаар илүү мэдлэгтэй болж, эргэлт буцалтгүйгээр амьдралаа холбосон.

БИД ЧАНАРТАЙ МАЛ АЖ АХУЙТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

Х.Түмэндэлгэр:  Гэрийн тэжээмэл малын тоо ихэссэнээр зэрлэг амьтдын амьдрах орчин шахагдаж эхэлдэг. Жишээ нь говийн зэрлэг амьтад устай газруудад ирж ус уух гэхээр тэнд нь гэрийн тэжээмэл амьтан шавчихсан байдаг. Үүнээс болоод хулан, цагаан зээр, хар сүүлт зэрэг талын туурайтай амьтад ус ч ууж чадахгүй алсаас хараад зогсдог.

Мөн бэлчээрийн доройтлоос болж айлын хотны дэргэдэх хогийн ургамал дийлдэхээ байсан. Өмнөговиос хойш Дундговь руу явах зам битүү шарилж, луулиар хучигдсан байдалтай байна. Хустайн нурууны хогийн ургамал харьцангуй багассан сайн мэдээтэй. Учрыг нь лавлахад гэрийн тэжээмэл амьтдыг оруулахгүй болсонтой холбоотой гэсэн. Малын тоо толгойг барих, бэлчээрийн зохистой ашиглалтын талаар хүн болгон ярьдаг ч дорвитой шийдэл байхгүй.

Манай аймаг мод тарьсан иргэнд санхүүгийн урамшуулал олгодог. Нэг иргэн жилд 80 сая төгрөгийн урамшуулал авсан тохиолдол бий. Үр дүнг нь тооцохдоо тоог нь биш ургуулж чадсаныг нь шагнадаг.

В.Гүндэгмаа: Монгол орон нь байгаль цаг уураас шалтгаалсан эдийн засагтай. Биднийг тэжээдэг малын тоо, толгойн хэт өсөлт нь бэлчээрийн ургамалд сөргөөр нөлөөлж байна. Тэгвэл бид яах вэ. Чанартай мал аж ахуйтай болох хэрэгтэй. Жишээ нь нэг малын ашиг шим арван малтай дүйцэхүйц ашиг шим өгдөг мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй. Мал өсгөн үржүүлэхэд бэлчээрийн даац, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хүн, машины даацыг тооцож байх хэрэгтэй. Үүн дээр үндэслээд төлөвлөлт хийж, хэрэгжилтэнд хяналт тавих чухал.

Олон амьтдын хоол тэжээл, гэр орон болдог учир бид анхаарлаа хандуулах хэрэгтэй

Цар тахлын улмаас хүмүүс гэртээ байснаар эх дэлхийд эерэг өөрчлөлт гарч байна гэж ойлгоод байна. Улаанбаатарт зэрлэг амьтад орж ирж буйг эерэг гэж хараад байна. Энэ нь угтаа өнгөрсөн онд ургамал ид ургадаг цагт бороо хур бага байснаас ургамал ургах цагтаа ургаагүй. 7-8 дугаар сард орсон бороогоор цөөн наст буюу хөл газрын мал амьтдад шим тэжээл муутай ургамлууд ургасан нь эргээд зэрлэг амьтад тэжээлийн хомстолд орж хот руу орж байгаа нь ажиглагдаж байна. Ертөнцийн бүхий л амьдралыг тэтгэдэг экосистемийн суурь нь ногоон ургамал юм. Олон амьтдын хоол тэжээл, гэр орон болдог учир бид анхаарлаа хандуулах хэрэгтэй.

АМЬДАРЧ БУЙ БҮС НУТАГТАА УРГАДАГ МОД, УРГАМЛЫГ ТАРИХ ЗОХИСТОЙ

Х.Түмэндэлгэр:  Өмнөговь аймаг жилд 100 мянга орчим мод тарьдаг. Бид айл бүрийг хашаандаа хүүхдийнхээ нэрэмжит модтой болгох хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд эхлээд аймгийн хүүхдүүддээ хэрхэн мод тарих талаар сургалт ордог. Энэ хөтөлбөр их амжилттай хэрэгжиж өдгөө олон айлын хүүхэд хашаандаа мод тарьж, эцэг эхтэйгээ хамт арчлан тордож байна.

Мөн манай аймаг мод тарьсан иргэнд санхүүгийн урамшуулал олгодог. Нэг иргэн жилд 80 сая төгрөгийн урамшуулал авсан тохиолдол бий. Үр дүнг нь тооцохдоо тоог нь биш ургуулж чадсаныг нь шагнадаг. Хамгийн гол нь зөвхөн говийн унаган мод тарих ёстой гэсэн шаардлага тавьдаг юм. Учир нь хөндлөнгийн харь нутгийн ургамлыг тарьж ургуулахад хэцүү.

 Хүүхдийг багаас нь байгаль орчны мэдлэгтэй болгох хэрэгтэй

В.Гүндэгмаа: Ямар мод ургамал тарих вэ гэж хүмүүс их асуудаг. Амьдарч буй бүс нутагтаа ургадаг мод, ургамлыг тарих нь зохистой. Сүүлийн үед мэргэжлийн хүмүүс хүртэл харь зүйлийн ургамлыг гудамж талбайгаар тарьдаг болчихсон. Харь зүйл нь экосистем, ургамлан бүлгэмдэлийг эвдэх аюултай.

ТАСАЛГААНДАА АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ БИШ ХҮЧИЛТӨРӨГЧ ХАМГИЙН САЙН ЯЛГАРУУЛДАГ УРГАМАЛ ТАРЬ

Х.Түмэндэлгэр:  Хүүхдийг багаас нь байгаль орчны мэдлэгтэй болгох хэрэгтэй. Ууг нь БСШУЯ тухайн хичээлийн 25%-ийг эх орныхоо онцлог зүйлээр баяжуулах ёстой гэсэн байдаг. Харамсалтай нь энэ шийдвэр амьдрал дээр хэрэгждэггүй. Жишээ нь дунд сургуулийн багш нар говьд ямар амьтан, ургамал байдаг гэдгийг сайн мэддэггүй. Бид орон нутагт байгаагийн хувьд үүнийг сурах бичиг болгоод гаргаад өгсөн. Одоогоор хэвлэн тараах санхүүжилтийн асуудлаа шийдээгүй байна.

Мөн жил бүрийн есдүгээр сарын 2-нд улс даяар сурагчид палеонтологийн хичээл үзэх хэрэгтэй. Учир нь Өмнөговь аймагт анхны үлэг гүрвэлийн өндөг олдсон өдөр юм. Мөн 1943 онд наймдугаар сарын 4-нд мазаалайг анх харсан өдөр. Жил бүрийн энэ өдөр сурагчид мазаалайн талаар хичээл үздэг байвал үр дүнтэй байх болов уу гэж боддог.

Хамгийн энгийн боловсрол бол тасалгаандаа хүчилтөрөгч хамгийн сайн ялгаруулдаг ургамал тарих.

В.Гүндэгмаа: Бидний амьдарч буй зууныг мэдээллийн зуун л гэдэг. Үнэндээ бид асуудлын зуунд амьдарч байна. Учир нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй асуудал урьд өмнө байгаагүйгээр нэмэгдэж, тэдгээрийг шийдэх, даван туулах арга замыг эрэлхийлэх нь энэ зууны онцлог болж байна. Тухайлбал: Уур амьсгалын өөрчлөлт, коронавирус гэх мэт хүн төрөлхтөнд урд өмнө нь тулгарч байгаагүй асуудлууд бий болж байна. Бид эдгээрт ямар эерэг хариу арга хэмжээ авах вэ гэдэг их чухал. Үүнтэй холбоотойгоор хүн бүр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож амьдралын хэв маягаа тохируулан өөрчлөхөд уур амьсгалын боловсрол зайлшгүй хэрэгтэй.

Бидний хийх энгийн зүйл бол тасалгаандаа хүчилтөрөгч хамгийн сайн ялгаруулдаг ургамал тарих. Навчаар гоёдог бүх төрөл зүйлийн ургамал хүчилтөрөгчийг хамгийн ихээр ялгаруулдаг. Жишээ нь мөнхрөө, ногоон согсоргоно гэх мэт. Сургуулиуд анги танхимдаа битүү мөнхрөө, ногоон согсоргоно тарих чухал.

МОНГОЛ УЛС УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЦАГААЧДЫГ ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛЭН ҮҮ

Б.Хулан:  НҮБ-ын тайланд 2050 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад 200 сая хүн уур амьсгалын өөрчлөлтийн цагаачид (Climate Refugee) болно гэсэн судалгаа бий. 200 сая хүн өөрсдийн нутгаасаа түлхэгдэж, орон гэргүй, нутаг үсгүй болно гэсэн үг.

10 сая хүн амтай, Индонезийн нийслэл Жакарта хот хүлэмжийн хийн ялгарлаа багасгахгүй бол 2050 он гэхэд усанд автана. Энэ мэт аюулд өртөөд буй далайн эргийн улсууд төв рүүгээ нүүж орж ирж таарна. Монгол Улс руу цагаачид орж ирэх магадлал асар өндөр болно гэсэн үг. Гэтэл бид энд бэлэн үү. Зүүн Өмнөд Азийн орнууд аль хэдийн энэ талаар бодоод эхэлчихсэн. Эрсдлийн менежмент талаасаа ямар орнуудтай дипломат харилцаагаа сайжруулах хэрэгтэй вэ гэдгээ тооцоод, хэрэгжүүлээд эхэлчихсэн. Энэ асуудалд манай төр засаг ямар бодлого баримталж байгаа вэ. Ирээдүйд энэ олон хүн ороод ирвэл бид ямар хууль эрхзүйн зохицуулалттай байх вэ гэдэгт одооноос бэлтгэх хэрэгтэй гэж боддог.

ГАДААДЫН МУНДАГ ИННОВАЦИЙГ ШУУД ХУУЛАХ НЬ МОНГОЛД ЗОХИМЖГҮЙ

Б.Хулан:  Гадаадын мундаг инновацийг шууд хуулах нь манайд зохимжгүй. Учир нь бид нүүдэлчин ахуйтай, өөрсдийн гэсэн онцлогтой, байгальтай нандин холбоотой ард түмэн. Бид өөрсдөдөө тохирсон арга барилыг олох хэрэгтэй. Тэгэхийн тулд ахмад эрдэмтдийнхээ хийсэн ажлуудаас эргэж судлаад түүнийгээ шинэ инновациудтай уялдуулаад хослуулж явах ёстой гэж боддог.  Учир нь ахмад эрдэмтдийн амьдарч байсан нийгэм нь өөр, бодлого нь нэг төвтэй байсан учир хийж буй ажилдаа сэтгэлээ зориулдаг байсан. Чөлөөт эдийн засаг рүү шилжих үед хэсэг ХАА систем зогсонги болсон. Учир нь малчид дээр очиж сургалт хийж, арга техник заадаг зоотехникч нар асар цөөрсөн.

Одоо ч ахмад эрдэмтэд маань залуу эрдэмтэдтэй хамтарч ажилладаг. Жишээ нь Элсэн тасархай дахь цөлжилтийн суурин судалгааны төв асар том ажлуудыг хийдэг. Манай эрдэмтэд маш сайн ажиллаж байна. Гол нь төр засаг болон хувийн хэвшлийнхэн хосолсон байдлаар менежментийг нь илүү сайжруулах ажил дутагдаад байна уу гэж хардаг.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖТОЙ

Б.Хулан:  Монголын ногоон санхүүгийн корпораци гэж бий. Энэ байгууллага эрчим хүчний хэмнэлт гаргаж буй байгууллагуудад хөнгөлөлттэй зээл олгодог. Мөн Тогтвортой санхүүжилтийн холбоо гэж бий. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг явагдаж буй бүхий л төсөл хөтөлбөрийг дэмждэг. Энэ мэтээр зөвхөн Монголд гэлтгүй гаднын ОУ-ын байгууллагууд бий. Бид төр засгийг хүлээх хэрэггүй. Боломж үргэлж байдаг. Энэ тал дээр өөрсдөө маш сайн хайлт хийж, судалгаа хийх хэрэгтэй. Хамгийн гол нь залуус маань төслийн баримт бичгээ маш сайн боловсруулах хэрэгтэй. Төслийн үр өгөөжийг маш тодорхой, маш ойлгомжтой бичих хэрэгтэй.

Ямар ч ажил хийж байгаа залуучууд төслийн удирдлагын мэдлэгтэй болох нь чухал. Энэ талын мэдлэг эзэмшсэнээр хийж байгаа ажлаа эмх цэгцтэй, зөв дэс дараалалтай хийдэг чадварт суралцана.

В.Гүндэгмаа: Санхүүжилтийг Байгаль орчны яам нэгдсэн байдлаар зохицуулж судлаач нартаа хүргэдэг байвал зохистой гэж үзэж байна. Байгалийн судалгаа хийнэ гэдэг нь судлаач хүний чин сэтгэл, эр зориг дээр хийгддэг ажил байдаг

БИД ХҮРЭН СЭТГЭЛГЭЭНЭЭС НОГООН СЭТГЭЛГЭЭ РҮҮ ШИЛЖИХ ХЭРЭГТЭЙ

Б.Хулан:  Нэн түрүүнд бид хүрэн сэтгэлгээнээс ногоон сэтгэлгээ рүү шилжих хэрэгтэй. Хоёрт бид хариуцлагаа ухамсарлаж, оролцоотой байх хэрэгтэй. Ядаж л эргэн тойронд байгаа хүмүүст уур амьсгалын өөрчлөлтийн талаар ойлгуулдаг байх хэрэгтэй. Хүмүүс хүлэмжийн хийн ялгарлыг зам дээр явж буй машинаас л гардаг гэсэн ойлголттой байдаг. Гэвч тээврийн хэрэгслээс гарч буй хүлэмжийн хийн ялгарал хөдөө аж ахуйн салбартай харьцуулбал дэндүү бага. Хариуцлагатай байна гэдэг нь зөв мэдээллийн эх үүсвэрээс зөв мэдээллийг олж авахыг хэлнэ. Бид ганц л олдох амьдралаа илүү их утга учиртай өнгөрүүлээд эргээд харахад том зүйлийн төлөө хувийн эрх ашгаа золиослосон байхад харамсхааргүй санагддаг. Ашиг хөөнө гэхээсээ илүү байгальдаа ээлтэй, нийгэмдээ ээлтэй ажлын төлөө сайн дураараа зүтгэх хэрэгтэй.

ОРХОН АЙМГИЙН ЗДТГ ОРОН НУТАГТАА ЖИЛ БҮР ЭХ ДЭЛХИЙН ЦАГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨСӨВ СУУЛГАХ ШИЙДВЭР ГАРГАСАН

Э.Ганхуяг: Эх дэлхийн цагийг МУ-д 2010 оноос жил бүр тэмдэглэдэж байна. Өмнө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай зэрэг нийтийг хамарсан газарт олон хүнд мэдээлэл хүргэх зорилгоор зохион байгуулдаг байсан. Энэ жил цар тахлаас шалтгаалан цахимаар зохион байгуулж байна.

2018 онд Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрлийг нэг цагийн турш унтрааснаар хүлэмжийн хийн ялгарлыг 121 кг-аар бууруулсан гэсэн судалгаа байдаг. Монгол Улс даяараа 60 минутын турш гэрлээ унтраавал үүнээс илүү сайхан үр дүн гарах нь тодорхой. Нэг сайн жишээ дурдахад энэ жил Орхон аймгийн ЗДТГ орон нутагтаа жил бүр Эх дэлхийн цагийг зохион байгуулах төсөв суулгах шийдвэр гаргасан. Жилээс жилд энэ арга хэмжээний маань ач холбогдлыг ойлгож буй хувь хүн, албан байгууллагууд нэмэгдэж байгаад зохион байгуулагчдын зүгээс баяртай байдаг. Эерэг өөрчлөлт авчрахын төлөө бид цаашид олон ажил хийх болно.