Эх орныхоо уул ус, амьд бодгаль бүхний төлөө амь биеээ үл хайхран зүтгэдэг байгаль хамгаалагчдыг найдвартай, чанартай тээврийн хэрэгслээр хангаж, ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд туслах нь Rally for Rangers хөтөлбөрийн гол зорилго юм. 2014 онд олон улсын мото спорт сонирхогчид Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын 15 байгаль хамгаалагчдад Yamaha AG200 маркийн мотоцикл бэлэглэх аян өрнүүлснээр тус хөтөлбөр эхэлсэн түүхтэй. Мото спорт сонирхогчид хандив цуглуулж авсан мотоциклоо өөрсдөө унаад байгаль хамгаалагчдад хүргэн өгч, түлхүүр солилцох нь энэ хөтөлбөрийн хамгийн сэтгэл хөдөлгөм агшин юм.
Өнөөг хүртэл тус аяны хүрээнд Хөвсгөл, Ховд, Өмнөговь, Баян-Өлгий, Завхан аймгуудад байрлах Монгол Улсын зургаан тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдад 80 гаруй мотоцикл хандивлажээ. Улмаар олон улсын тусгай хамгаалалттай газрын сонорт хүрч, хүсэлт тавих болсноор Аргентин, Непал улсын тусгай хамгаалалттай газруудад 30 мотоцикл бэлэглэсэн байна. Орос, Япон, Австрали, Шинэ Зеланд, АНУ, Канад, Сингапур, Герман, Дани, Ливан гэх мэт олон улсын сайхан сэтгэлт мотоциклын хорхойтнуудын ачаар дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж буй байгаль хамгаалагч гэх чимээгүй баатрууд маань унах унаатай залгаж байна.
Энэ гайхалтай хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч нь тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах, өсвөр үе залуучуудад байгаль орчин тогтвортой хөгжлийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол Экологи Төв юм. Бид тус төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Ё.Бадралтай ярилцлаа.
2021 онд хаана мотоцикл хандивлах вэ? Цар тахлаас шалтгаалсан хүндрэл бэрхшээлүүд юу байна? Тэднийг хэрхэн даван туулж байна вэ?
Ковид цар тахлаас болж бид 2020 оны аяныг нэг жилээр хойшлуулсан. Энэ жил вакцинжуулалт явагдаад, хил нээгдэж байгаа тул есдүгээр сард Монгол Улсын зүүн бүсийн Тусгай хамгаалалттай газрууд болох Дарьганга, Нөмрөг мөн Говийн бүсээс Говийн Б хэсгийн дархан цаазат газруудад мотоцикл хүргэж хандивлахаар ажиллаж байна.
Мөн энэ оны арван нэгдүгээр сард Бутан улсын байгаль хамгаалагч нарт 15 мотоцикл хүргэж өгнө.
Жилд хэдэн мотоцикл хандивладаг вэ? Тусгай хамгаалалттай газруудаа ямар шалгуураар сонгодог вэ?
Бид энэ хөтөлбөрөө жил бүр Монгол болон гаднын аль нэгэн улсад хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл жилд хоёр удаа ралли болдог гэсэн үг. Нэг удаагийн аянаар 15 мотоцикл хандивладаг. Илүү олон мотоцикл хандивлах боломжтой ч зохион байгуулахад хүндрэлтэй байдаг юм.
Шалгаруулалтын хувьд бид эхлээд Монгол болон гаднын Тусгай хамгаалалттай газруудаас өргөдөл хүлээж авдаг. Дараа нь өргөдлүүдийг судлаж үзээд улсын төсвөөс дэмжлэг муутай, олон улсын хандивлагчдаас туслалцаа бага хүртдэг, эсвэл мотоциклгүй газруудыг сонгодог. Сонирхуулахад өндөр хөгжилтэй барууны орнууд ч хүртэл байгаль хамгаалалын салбарт бага мөнгө төсөвлөдөг. Ялангуяа манайх шиг хөгжиж буй оронд хөрөнгө зарах маш олон салбар байдаг тул байгаль орчны салбарыг онцгойлон анхаарч үздэггүй шүү дээ. Энэ асуудалд тодорхой хувь нэмэр оруулах үүднээс бид энэ аянаа хэрэгжүүлдэг юм.
Ямар орнуудаас хүсэлт ирсэн байна вэ?
Одоогоор Перу, Эквадор, Мозамбик, Свазиленд, Камбож зэрэг улсаас хүсэлт ирсэн байна. 2022 онд Перу юм уу Мозамбик явах тал дээр судалгаа явуулж байна.
Монгол мото спорт сонирхогч оролцдог уу? Ер нь раллид явах мотоциклчдоо хэрхэн сонгодог вэ?
Оролцоо хүн бүрд нээлттэй хэдий ч яг раллид явах мотоциклчдыг бид өргөдөл хүлээн авч, удирдах зөвлөлийн хурлаараа эцэслэн сонгодог. Ерөнхийдөө хоёр гол шалгуур байдаг. Нэгдүгээрт раллид явах мотоциклчид байгаль хамгаалагчдад хандивлах мотоцикл болон аяллын зардал болох 10 мянган ам.долларын хөрөнгийг хувиараа босгох ёстой. Үүний тулд тухайн тусгай хамгаалалттай газар, байгаль хамгаалагчийн талаар мэдээллийг түгээж олон нийтэд чиглэсэн сурталчилгаа явуулах хэрэгтэй болдог.
Хоёрдугаарт DIRT буюу бартаат замын кросс мотоцикл сайн унадаг туршлагатай байх нь чухал. Учир нь мөнгө босгосон тухайн оролцогч нар Улаанбаатараас тухайн тусгай хамгаалалттай газар луу өөрсдөө мотоциклоо унаад явдаг. Жишээ нь энэ жилийн оролцогчид Улаанбаатараас мотоциклоо унаад бидний гаргасан маршрутын дагуу Сүхбаатар болон Хэнтий аймаг руу явж байгаль хамгаалагчдад мотоциклоо хүргэж өгнө. Мото спорт сонирхогчдын хувьд энэ нь нэг хэлбэрийн урамшуулал болдог. Тэдэнд олон сарын турш хөрөнгө мөнгө босгож, зөвхөн утас, мэйлээр л холбогдож байсан байгаль хамгаалагчтайгаа нүүр тулан уулзаж, түлхүүрээ солилцох нь үнэхээр сайхан мэдрэмжийг төрүүлдэг.
Ирэх жил хааш явах, ямар хүмүүс раллид оролцох шийдвэрийг ирсэн өргөдлүүдийг хянаж үзээд Монгол Экологи Төвийн Удирдах зөвлөл тухайн жилийн намар гаргадаг. Дэлгэрэнгүй мэдээллийг манай http://www.rallyforrangers.org хуудаснаас авч болно.
Мотоцикл унаад олон мянган км шороон зам туулах их хүндрэлтэй байх. Ялангуяа Монголын замын нөхцөл их хэцүү шүү дээ. Унаачид шантарч байсан, бэртэж байсан тохиолдол байдаг уу? Эдгээр нөхцөлд та бүхэн ямар зохицуулалт хийдэг вэ?
Дийлэнх оролцогчид маань бартаат замын мото спорт сонирхогчид байдаг тул зам нь хэцүү байх тусам их баярладаг л даа. Тэр утгаараа 8-9 хоног шороон замаар бороо, цас, шороон шуурганаар шавар, элсэнд суун явах нь сонин байдаг. Гэхдээ бид аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавидаг тул эмч авч явдаг. Мөн оролцогч болгоныг GPS болон бусад холбооны хэрэгсэл авч явахыг зөвлөдөг. Үүний хажуугаар дотоод зохион байгуулалтаараа дамжуулан бусад асуудлуудыг шийддэг.
Гэмтэл бэртэл гарч байсан тохиолдол бий. Жишээ нь гар хөлийн яс цуурах, хугарах асуудлууд гардаг. Тухайн үед мотоциклоо унах боломжгүй болсон оролцогчдыг тээвэрлэх болон мотоциклийг нь ачаад авч явах автомашин, ачааны тэрэг байнга дагалддаг.
Мотоцикл хандивласан газруудтайгаа эргэх холбоо хэр вэ? Хандивласнаас хойшхи зардал, зарцуулалтыг хэрхэн зохицуулдаг вэ?
Эргэх холбоо их чухал л даа. Бидний хандивладаг Yamaha AG200 мотоцикл нь дэлхийн олон орнуудын байгаль хамгаалагчдын хувьд сонгогдсон унаа нь гэж хэлж болно. Тус загварыг Японд угсардаг юм. Бид ралли болохоос дөрвөн сарын өмнө захиалга өгдөг. Үнийн хувьд 12 сая төгрөгийн үнэтэй. Сэлбэг нь ч дагаад их үнэтэй тусдаг.
Yamaha-ийн албан ёсны төлөөлөгч Протек ХХК-ийн Мөнх-Эрдэнэ захиралтай хамт олон мотоциклийн үнийг хямдруулах, мотоцикл хандивлах зэргээр бидний төслийг дэмжин ажилласаар ирсэн. Одоогоор бид хамгийн их элэгдэгдэлд ордог дугуй, гинж, наклад зэрэг сэлбэгүүдийг хөнгөлөлттэй үнээр эсвэл үнэгүй сольж өгөх тал дээр Протек компанитай ярилцаж байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд хамгийн их бахархаж сэтгэл хөдөлгөж байсан үйл явдлын талаар дурдвал?
Энгийн нэг монголын төрийн бус байгууллага өөрийн дотоод нөөц бололцоог ашиглан хөрөнгө мөнгө босгоод Монголын төдийгүй олон улсын 100 гаруй байгаль хамгаалагчдыг найдвартай, чанартай унаагаар хангасандаа бид байнга сэтгэл өндөр явдаг. Жилийн хугацаанд хөрөнгө мөнгө босгоод өөрсдөө мотоциклоо унаж очоод байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгөх тэр мөчид нулимс унагаагүй оролцогч байдаггүй.
2019 онд Балбад болсон Олон улсын байгаль хамгаалагч нарын чуулган дээр 70 гаруй орноос ирсэн 600 гаруй байгаль хамгаалагч нарын өмнө “Монголын нэгэн байгууллагаас Балбын байгаль хамгаалагч нарт зориулан 15 мотоцикл хандивлаж байна“ хэмээн зарлахад олон зуун хүн уухайлсан. Тэр мөчид монголчууд бид нэгдэж л чадвал дэлхийг дагуулах нь эргэлзээгүй үнэн болохыг мэдэрсэн.
Хөтөлбөрийн алсын хараа юу вэ? Мотоциклоос өөр зүйл хандивлах бодол бий юу? Монголын цаг уурын нөхцөлийг бодоход мотоциклоос илүү машин тохиромжтой ч юм шиг…
Цаашид бид жилд 3-4 ралли хийхээр төлөвлөж байна. Монгол Улсад 100 гаруй Тусгай хамгаалалттай газар нутаг байдаг. Бидний хандивладаг мотоцикл чанартай хэдий ч 5-6 жил болоод муудаж, ямар нэгэн сэлбэг хэрэгслийг нь солих шаардлагатай болдог. Иймд бид энэ хөтөлбөрөө байнга хэрэгжүүлэх ёстой гэж боддог.
Машин хандивлах нь тийм амар ажил биш л дээ. Мөн төрийн бус байгууллагын зүгээс хийх ажил биш гэж боддог. Бид өөрсдийн зүгээс хийж чадна гэснээ л хийж байна. Магадгүй өөр нэг байгууллага машины мөнгө босгоод авч өгдөг болох ч юмуу эсвэл эх орон маань хөгжиж, төсөв мөнгө нь хангалттай болоод байгаль хамгаалагчдад ажлаа явуулахад нь шаардлагатай бүхнээр хангаж чаддаг болсон тэр өдөр бид энэ хөтөлбөрөө зогсоож болох байх.
Хөтөлбөрийн үйл ажиллагаа харьцангуй тогтворжсон байна гэж ойлголоо. Гэхдээ улам илүү газруудад хүрч, хөтөлбөрөө илүү далайцтай байлгахын тулд ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?
Бид өнөөдрийн нөөц бололцоогоороо нэг дор олон эсвэл бүх тусгай хамгаалалттай газруудад хүрч ажиллах боломжгүй. Гэхдээ бидний жишээг хараад бусад байгууллагууд өөрийн хийж чадах хэрээр хамтарч мөн тусалдаг бол ямар ч асуудлуудыг шийдэж болно гэж хардаг. Бид заавал том, далайцтай байхаас илүү чанартай бөгөөд эзэндээ хүрсэн, тодорхой үр дүнд хүрэх ажлуудыг зохион байгуулахыг эрхэмлэдэг.
Ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.