News

Сайн дур, нийгмийн хариуцлага нэрийдлээр чихэр, хувцас тараах нь хүүхдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгодог

Монгол Экологи төв Австралийн бичил төслийн сангийн санхүүжилтээр сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн үндэсний хэмжээнд цорын ганц Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд сурагч хөгжлийн танхим засаж тохижуулан, хүлээлгэн өгчээ. Мөн уг төслийн хүрээнд дохионы хэлтэй хичээлээс гадуурх мэдлэг олгох видео контент хийн тусгай хэрэгцээт хүүхэд залууст хүргэж буй аж.

Тус танхимын түлхүүр гардуулах ёслолын үеэр 29 дүгээр сургуулийн Нийгмийн ажилтан Э.Батзолбоотой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

ДОХИОНЫ ХЭЛЭЭР ДУУЛЖ, ХЭМНЭЛЭЭР БҮЖИГЛЭХ НЬ ГАЙХАМ САЙХАН ХАРАГДДАГ

Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллахын сайхан тал юу вэ?

Үнэнийг хэлэхэд анх энэ сургуульд ажиллахаар орохдоо айж байсан. Учир нь эдгээр хүүхдүүдийн онцлогийг мэдэхгүй, дээр нь дохионы хэл маань хангалттай сайн байгаагүй. Анх дотуур байрны багшаар ажиллаж байсан тул хүүхдүүдтэйгээ хамт байрлаж, хурдан дотносож, ойлголцоход дөхөм болсон. Ажлаа хийхэд цаанаасаа сэтгэл ундарч байгаа нь мэдрэгддэг. Хүүхдүүд маань санаа бодлоо бүрэн дүүрэн илэрхийлэх нь цөөн ч маш ухаалаг, оюунлаг хүүхдүүд байдаг. Хүмүүс манай хүүхдүүдэд сайн дурын эсвэл нийгмийн хариуцлагын үүднээс тусалдаг. Харин бид үүнийг байнгын ажлаа болгож, сурагчдынхаа амьдралын гарааг бүтээлцэж, боловсрол олгодог нь бидний бахархал болдог хамгийн сайхан зүйл юм.

Анх таны дохионы хэл сайн байгаагүй гэлээ. Заавал дохионы хэлтэй багш ажилд авна гэж шаарддаггүй хэрэг үү?

Дохионы хэлтэй хүн олддоггүй учраас заавал дохидог байх шаардлага тавьдаггүй. Ажилчдыг ажилд ороход нь дохионы хэлний сургалтад хамруулдаг юм. Гэвч сургалтаас илүүтэй практик байдлаар өдөр тутам ашиглаж, харилцаж байж илүү хурдан сурч, хоорондоо ойлголцдог. Дохионы хэлний онцлог нь зөвхөн онолоор хязгаарлагдахгүй. Сэтгэл хөдлөлөө нүүрний хувирал, гарны дохилтоор харааны төвшинд илэрхийлж байж өгүүлбэр зүйн утга гарч ирдэг юм.

Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн онцлог юу вэ? Нийгэмд хөгжлийн бэрхшээлийг оюуны бэрхшээл гэж ташаа ойлгох хандлага байдаг.

Ер нь хөгжлийн бэрхшээл гэдгийг энгийнээр тайлбарлавал тухайн хүн нийгэмд оролцох, харилцах, амьдрахад тулгарч буй бэрхшээлийг хэлнэ. Манай хүүхдүүдэд хөгжихөд нь саад болдог зүйл байхгүй. Харин нийгэм ойлгохгүй байх нь л асуудал болдог.

Хэл ярианы бэрхшээл бол асуудал биш. Харин ч манай сурагчид оюун санаа, авьяас билгээрээ бусадтай л адил, зарим тохиолдолд бүр илүү байдаг. Жишээ нь тэд хүний сэтгэл хөдлөл, далд бодол, биеийн хэлэмж гэх мэт нарийн зүйлсийг анзаарч, ойлгохдоо сайн. Өөрсдийн онцлогоосоо шалтгаалан шатрын болон бусад спортод авьяастай. Аливаа зүйлд анхаарлаа бүрэн төвлөрүүлдэг тул ажлын бүтээмж өндөр байдаг.

Цар тахалтай холбоотойгоор цахим шилжилт хийхэд хичээлээ хэрхэн бэлтгэж байсан бэ? Цахим хичээлийн жишгийг дагасан уу?

Цахим хичээл зарим хүүхдийн хувьд илүү ахисан төвшний байсан учир бид өөрсдийн хичээлийн хөтөлбөрийн дагуу хичээлээ бэлтгэн хүргэж байсан. Бид зөвхөн ерөнхий боловсролын үндсэн сургалтын хөтөлбөрөөс гадна мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр дугуйлан, сургалтуудыг хөтөлбөртөө багтаадаг. Бид урлагийн үзлэг гэх мэт олон төрлийн арга хэмжээг зохион явуулдаг. Тэр бүрд сурагчид маш идэвхтэй хамрагддаг. Дохионы хэлээр дуулж, хэмнэлээр бүжиглэх нь гайхам сайхан харагддаг.

Нэг анги хэдэн сурагчтай вэ?

Хүүхдүүдийг сонсголын төвшингөөр нь анги болгон хуваадаг. Нэг анги найман хүүхдийн дүүргэлттэй байх стандарттай байдаг ч багш нарын хүрэлцээ бага учир 12 хүүхдийн дүүргэлттэй анги цөөнгүй бий.

КОВИДООС БОЛЖ ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТ, ЗАН ТӨРХИЙН ӨӨРЧЛӨЛТ БИЙ БОЛЖ БАЙНА

Ковидын үед хүүхдийн сэтгэл зүйн асуудлууд ихсэх болсон. Нэн ялангуяа өсвөр насны сурагчид нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж байгаа энэ үед сурагчдадаа хэрхэн анхаарч байгаа вэ?

Нийтлэг ажиглагдаж байгаа асуудал бол цахим шилжилтээс улбаалан гар утасны хэрэглээ хэт өндөр болж, түүнтэй холбогдон дэлгэцийн донтолт, зан төрхийн өөрчлөлт бий болж байна. Ингэснээр хүүхдүүд уур уцаартай, түрэмгий ааштай болж байгаа тухай эцэг эхчүүдийн санал ирсэн. Энэ тохиолдолд аль болох өөр зүйлээр анхаарлыг нь татах, дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх зөвлөмжийг эцэг, эхчүүдэд өгч байна. Хүүхдүүд заавал дүрсээ харж ойлголцох шаардлагатай байдаг тул ухаалаг утасны хэрэглээг шууд хязгаарлах боломжгүй. Энэ нь нөгөө талаас хүний эрх зөрчиж буй хэрэг болно.

Хоёрдугаарт хүүхдүүд сургуулийн орчинд байх хамгийн их дуртай. Учир нь энд хүн бүртэй ойлголцож, өөрийгөө илэрхийлж чаддаг. Харин гэртээ харихаар хөрш айлын хүн нь ойлгохгүй байхаас эхлээд ээж аавтайгаа “хар” дохионы хэлээр харилцдаг тул өөрийгөө бүрэн илэрхийлж, ойлгуулж чаддаггүй. Улмаар сургуулиас гадна орчинд тусламж авч чаддаггүй. Иймд зарим эрсдэлт бүлгийн хүүхдүүд маань архидалт, хүчирхийлэл гэх мэт хэргүүдэд өртөх вий гэхээс болгоомжилж, шаардлагатай тохиолдолд ахуйн үнэлгээ хийхээр гэрт нь очиж байна. Үүний тулд хороо, дүүргийнхээ цагдаа, нийгмийн ажилтантай тогтмол хамтран ажилладаг.

29 дүгээр сургууль бол улсын хэмжээнд ганц байдаг тусгай боловсролын сургууль. Тэгвэл эдгээр хүүхдүүд цаашид их, дээд сургуульд элсэн суралцах боломж хэр байдаг вэ?

МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын багшийн анги нээгдсэн. Мөн биеийн тамирын сургуульд элсэн суралцдаг. Мөн эдгээр хүүхдүүдийн онцлогт тохирсон мэргэжилд IT, программ, зураг дүрслэлийн чиглэлийн мэргэжлүүд багтдаг. Энэ талыг цаашид хөгжүүлэн, дэмжиж ажиллах бодолтой байна.

Зарим эцэг эхчүүд амьдрах орчин, боломжоосоо шалтгаалан хүүхдээ сонсголын бэрхшээлтэй гэдгийг мэдэлгүйгээр хар дохионы хэл ашигласаар олон жилийг ардаа орхисон байдаг?

Сонсголын бэрхшээлийг аль болох эрт илрүүлж, хүүхдийг сурах, боловсрох боломжоор хангах нь эцэг эхчүүдийн үүрэг юм. Эрт илрүүлэх тусам хоцрогдолгүй, мөр зэрэгцэн сурах, хөгжих бололцоо бүрддэг.

Улсын хэмжээнд 780 орчим сонсголын бэрхшээлтэй хүүхэд байна гэсэн албан бус тоог нэгэн судалгааны байгууллага гаргасан байсан. Бид аль болох хүүхэд бүхнийг хамруулж боловсрол олгохыг хүсдэг. Харамсалтай нь хүмүүс манай сургуулийн талаарх ойлголт, мэдээлэл дутмаг байдаг юм болов уу гэж боддог. Тиймээс сургуулийн талаарх мэдээллийн сүлжээг өргөжүүлэх тал дээр хойшид анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

Бид одоогийн 2020-2021 оны хичээлийн жилд 289 сурагчтай байлаа. Сурагчдыг элсэлтээр авахдаа сургуулийн сонсголын эмчийн оношийг үндэслэн 5-6 төрөлд ангилан элсүүлдэг. Ангилал бүрд тусгайлсан сургалтыг хөтөлбөр шаардагддаг. Нийт 141 ажилчидтай, үүнээс 70 гаруй нь багш. Хэдийгээр цөөхөн сурагчтай боловч багш нарын ачаалал их байдаг. Туслах багш нар манай сургуулийн төгсөгч нар голдуу байдаг. Дотуур байрандаа энэ хичээлийн жилд 120 хүүхэд авсан.

СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ХЭДИЙ Ч НИЙГЭМД ОРООД “ХҮН” ГЭДЭГ УТГААР ОРШИХ ТУЛ ЯНЗ БҮРИЙН ОРЧИНД ДАСАН ЗОХИЦОХ, ӨӨРИЙГӨӨ ТУСГААРЛАХГҮЙ БАЙХАД АНХААРАЛ ХАНДУУЛСАН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд ирж байгаа тусламж нь ямархуу байдлаар байвал илүү хэрэгцээтэй, нүдээ олсон тусламж болж чаддаг вэ?

Энэ их чухал асуудал юм. Сүүлийн үед нийгмийн хариуцлагын хүрээнд гэсэн нэрээр чихэр тараах, хувцас тараах зэрэг нь хүүхдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна гэж би хувьдаа боддог. Сурагчид надад бусад хүмүүс бэлэн материаллаг эд зүйл өгөх ёстой юм байна гэсэн ойлголт төрүүлэх вий гэж боддог. Харин оронд нь танин мэдэхүй, оюун ухаан тэлэх хөтөлбөр хэрэгжүүлбэл үр өгөөж нь их байх болов уу. Хамгийн энгийн жишээ нь музей үзэх, нийгмийн харилцааг нь дэмжих, энгийн хүүхдүүдтэй харилцуулж, ойлгуулах явдал юм.

Хүүхдүүд хязгаарлагдмал орчинд байсаар, нийгмийн өөр бүлэг хүмүүсийн дунд орохоор өөрийгөө илэрхийлж чадалгүй хямарснаас болоод өөрөө өөрийгөө тусгаарлах үзэгдэл их ажиглагддаг. Сонсголын бэрхшээлтэй хэдий ч нийгэмд ороод, хүн гэдэг утгаар оршин байх тул аль болох янз бүрийн орчинд дасан зохицох, өөрийгөө тусгаарлахгүй байхад анхаарал хандуулсан тусламж хэрэгтэй байна.

Урьд нь манай сурагчид энгийн хүүхдүүдтэй хамт шувуу ажиглах аялалд явж, хог цэвэрлэх, харилцан бие биенээ ойлголцох хөтөлбөрт оролцож байсан. Ямар ч асуудал гараагүй. Мөн манай сургуульд хөдөө орон нутгаас малчин айлын хүүхдүүд сурдаг. Тэдгээр хүүхдүүдийнхээ амьдардаг орон нутаг, гэрийг нь түшиглээд хотоос гарч үзээгүй хүүхдүүдээ хөдөөгийн амьдралтай танилцуулах хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүсдэг. Энэ мэтчилэн сурагчиддаа үнэ цэнийг нь ойлгуулж, нийгэмд хамааралтай хүн гэдгийг нь мэдрүүлсэн үйл ажиллагаанд бид хамтран ажиллахад ямагт бэлэн.

Монгол Экологи Төв Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус төслийнхөө хүрээнд 29-р сургуульд Сурагч хөгжлийн танхимыг тохижуулан хүлээлгэж өглөө. Энэ нь хэрэгтэй хөрөнгө оруулалт болж чадав уу? Сэтгэгдлээ хуваалцаач?

Хүүхэд сурах, хөгжихөд хамгийн чухал зүйлсийн нэг орчин байдаг. Бид бүгд л тодорхой хэмжээнд сургалтын орчноо сайжруулахыг хичээн ажиллаж байна. Дотуур байраа шинэчлэн засварлах, анги танхимыг дэлгэцээр хангах зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Сурагч хөгжлийн танхим бий болсон нь багш, сурагчдын хувьд хэн хэнд нь хэрэгцээтэй хөрөнгө оруулалт болж чадлаа. Ялангуяа хүүхдүүд маань хичээлийн бус цагаар бие биетэйгээ уулзаж, цагийг хамтдаа өнгөрүүлдэг. Номын санд чимээгүй байх шаардлагатай тул чөлөөтэй байх боломж хомс байсан.

Ярилцлага өгсөнд баярлалаа.